🔴Богд банкнаас 2.8 тэрбум төгрөгийн зээл хүсэхэд үл хөдлөх хөрөнгө тулган шахаж, нэг байрыг хоёр хүнд давхардуулан заржээ
"Ирксиб строй" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Нарангэрэл болон салбар төлөөлөгчийн газрын захирал нар Богд банктай холбоотой санхүүгийн ноцтой зөрчил, үл хөдлөх хөрөнгө давхардуулан зарж үйлчлүүлэгчээ хохироосон асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, баримтуудыг дэлгэлээ.
"Ирксиб строй" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Нарангэрэл:
-Манай "Ирксиб строй" компани барилга угсралт, борлуулалтын чиглэлээр 2014 оноос хойш 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд өөрсдийн хөрөнгөөр барилга барьж зах зээлд нийлүүлж ирсэн. Анх 28 м² явуулын орон сууцнаас эхэлж, нийтдээ 200 гаруй айл өрхийг хямд үнэтэй орон сууцаар хангасан. Бид нэг ч жил ажил завсардалгүй, гэрээнд заасан хугацаанаас нэг ч хоцрогдолгүйгээр барилгуудаа улсын комисст хүлээлгэн өгч ирсэн туршлагатай хамт олон.
"Ирксиб строй" ХХК нь Төв аймгийн Зуунмод суманд хэрэгжүүлж буй 70-90 айлын 1900 м² бүхий орон сууцны төслийн санхүүжилтэд зориулан Богд банкнаас 2.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн. Гэвч зээлийн хороо эхний удаад уг хүсэлтийг татгалзсан байна. Үүнээс 2-3 хоногийн дараа банкны гүйцэтгэх захирал н.Алтанбагана холбогдож, "100 хувь мөнгөн хэлбэрээр зээл олгох боломжгүй. Банкны нэр дээр хураагдсан үл хөдлөх хөрөнгө (хаус) болон автомашиныг бартерын журмаар худалдан авбал үлдсэн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгоно" гэсэн болзол тулгасан.
Барилгын ажил цаг хугацаатай уралдаж байсан тул уг үл хөдлөх хөрөнгийг аваад цааш нь зарж борлуулан мөнгө болгож, барилгын үйл ажиллагаагаа дуусгая гэж шийдэн банкны саналыг хүлээн авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Дансны хуулгаас үзэхэд 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр "Ирксиб строй" ХХК-ийн дансанд зээлийн 2.8 тэрбум төгрөг шилжин орсон даруйдаа банк 1.3 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн төлбөр нэрээр буцаан татсан. Үүний араас автомашины төлбөр болон холбогдох зардлуудыг эскроу болон бусдын дансаар дамжуулан гаргуулсан. Үр дүнд нь нийт нэг тэрбум 520 сая төгрөг банк руу эргэн гарч, манай компани бодит байдал дээр ердөө нэг тэрбум 280 сая төгрөгийг л санхүүжилтдээ ашигласан.
Гэтэл Богд банк 2.8 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж тооцон, сар бүр 60-70 сая төгрөгийн хүү, алданги тооцож, нийт дүнгээс зохиомлоор өр үүсгэж эхэлсэн.
Богд банкнаас "Ирксиб строй" ХХК-д 1.3 тэрбум төгрөгөөр худалдсан Хан-Уул дүүрэг, Удирдлагын академийн урд, Туул голын хойд хөвөөнд байрлах хаус нь шүүхийн маргаантай, өмчлөх эрхийн ноцтой зөрчилтэй хөрөнгө байсан.
Банк бол тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн субъект. Зээлийг зөвхөн мөнгөн хэлбэрээр олгох ёстой атал бараа, үл хөдлөх тулгасан нь хууль бус. Иргэний хуулийн 243.1 дэх заалтаар өмчлөх эрхийн маргаантай хөрөнгийг нийтийн худалдаанд гаргах, санал болгохыг хориглосон байдаг. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө дээр Богд банк өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэнд амьдарч байсан н.Алтансүх гэх иргэнтэй маргаж байгаад нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Энэ нь тухайн хөрөнгийг н.Алтансүх гэдэг хүний өмч мөн гэдгийг банк өөрөө хуулиар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг байрыг хоёр хүнд зэрэг зарж, хоёуланд нь эзэмших эрхийн гэрчилгээ олгосон залилангийн үйлдэл гаргасан. Бидний хувьд 15 мянган төгрөгийн үнэтэй цаасан гэрчилгээг 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан дүр зураг үүссэн.
Бид бодитоор авсан нэг тэрбум 280 сая төгрөгөө хүүтэй нь тооцож, нийт 800 орчим сая төгрөг төлчихсөн, үндсэндээ бодит авсан зээлээсээ давсан илүү төлөлттэй яваа. Барьцааны тухай хуулиар банк зээлийн хэмжээнд тохирсон барьцааг үлдээж, бусдыг нь чөлөөлөх үүрэгтэй. Гэтэл барьцаа чөлөөлөхгүйгээр барахгүй тухайн оршин суугчдад "Ирксиб строй зээлээ төлөхгүй байна" гэх худал мэдээлэл тарааж, компани болон иргэдийг талцуулж байна. Банкны энэ үйлдлээс болж манай компанид 2.1 тэрбум төгрөгийн шууд хохирол, нийт дүнгээрээ гурван тэрбум төгрөг давсан хохирол учраад байна гэв.
70 айлын орон сууц царцаж, 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө түгжигдэв
Зээлийн 1.3 тэрбум төгрөг нь гацаж, эргэлтийн хөрөнгөгүй болсон "Ирксиб строй" ХХК өөрсдийн нөөц бололцоо, өөр эх үүсвэрээс зээл авч байж Төв аймгийн Зуунмод суман дахь барилгаа бүрэн ашиглалтад оруулжээ.
Гэвч өнөөдрийн байдлаар Богд банк тус барилгын барьцаалбарыг чөлөөлж өгөхгүй байгаагаас шалтгаалан тус орон сууцыг худалдан авсан 70 гаруй айл өрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй, хамтран ажилласан 22 байгууллагын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр 10 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө бүрэн түгжигдээд байгаа аж.
Тус асуудлаар "Ирксиб строй" ХХК нь Авлигатай тэмцэх газарт (АТГ) гомдол гаргаж, 2024 оны дөрөвдүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байна. Улмаар прокурорын хяналтад шилжиж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.
Гэвч хэргийг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт "Маргаантай уг хөрөнгийг барьцаалж, зарж болно" гэсэн агуулгатай, банкны талд нөлөөлсөн байж болзошгүй гарсан тул үүнийг эсэргүүцэн прокурорт гомдол гаргажээ. Түүнчлэн Хонконгоос олон улсын аудитын байгууллагын лавлагаа компанийн хаягаар ирсэн бөгөөд үүнээс үзэхэд Богд банк гадаадын байгууллагаас Г.Нарангэрэл болон тус компанийн нэр дээр зээл олгосон мэтээр мөнгө татаж, дундаас нь зохиомол хөрөнгө шилжүүлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал анзаарагдсан тул хуулийн байгууллага үүнийг нэгтгэн шалгах ёстой гэж өмгөөлөгчид үзэж буйг дурдав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.