МАН-ын бүлэг: Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль нь бүх иргэнд хамааралтай хууль
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.11.09/-ийн хуралдаанаар Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл, Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн зорилго нь хүний амьдрах таатай нөхцөл, саадгүй орчныг бүрдүүлж, нийтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох юм. Хуулийн хэрэгцээ шаардлагын хүрээнд тандан судалгаа явуулахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход 98 хувь нь саад учруулж байгаа. Цаашлаад зам, эмнэлгийн хаалга, орц, гарц нь саадтай, нийслэлийн явган хүний гарцыг налуу хийгээгүй зэрэг стандарт алдагдалтай байгааг судалгааны дүгнэлт харуулсан байна.
Хуулийн гол өөрчлөлт нь амьдрах орчин, нийтийн тээврийн хүрээнд шинэ барилга, зам, нийтийн орон зай, нийтийн тээвэр хүртээмжийн стандартыг мөрдөнө. Хуучин барилгын саадыг үе шаттай арилгана. Мэдээлэл авах үйлчилгээний хүрээнд цахим үйлчилгээ, албан мэдээлэл, сурах бичиг, өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг дохионы хэл, хадмал тайлбар, дуун тайлбартай байхаар боловсруулжээ. Хуулийн санхүүжилт, хяналтын хувьд шаардлагатай хөрөнгийг жилийн төсөвт тусгаж, үйлчилгээ үзүүлэгч хоёр жил тутам хүртээмжийн үнэлгээ хийлгэхээр заасан байна.
Бүлгийн гишүүд Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд биш бүх иргэнд хамааралтай хууль гэдгийг онцолж, нийгмийн харилцааны чухал хууль гэдгийг тодотгоод дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Зулпхар ахалж ажиллана.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын гишүүдийн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, бүлгийн гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.