🔴Ч.Хишигдалай: Иргэд хямд үнэтэй энгийн 92 авахын тулд шатахууны оочир үүсгэж байна

AI хөрвүүлсэн

Шатахууны шуурхай штаб хуралдаж, шатахуун хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, импорт, нөөцийн хэмжээ болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: 

Энэ сарын 1-нээс 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд нийт:

  • 20,670 тонн Аи-92 автобензин,
  • 500 тонн Аи-95 автобензин,
  • 71,551 тонн дизелийн түлш,
  • 1,500 тонн онгоцны түлш импортоор орж ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тонн Аи-92 автобензин буулгах өртөөдөд ирсэн бол 126 вагон буюу 7,500 тонн Аи-92 автобензинийг буулгаж, түгээх ажил хийгдэж байна.

Улсын хэмжээнд 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаарх нөөцийн тухайд:

  • Аи-92 автобензин: 24,000 тонн буюу ердийн хэрэглээний 11 хоногийн нөөцтэй,
  • Аи-95 автобензин: 1,070 тонн буюу 9 хоногийн нөөцтэй,
  • Дизелийн түлш: 120,000 тонн буюу 30 хоногийн нөөцтэй,
  • Онгоцны түлш (ТС-1): 7,700 тонн буюу 37 хоногийн ердийн хэрэглээний нөөцийн үлдэгдэлтэй байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 1,200 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад (ШТС), 1,300 орчим тонныг орон нутгийн ШТС-ууд руу тус тус түгээлээ.

Сүүлийн 8-9 хоногт ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдээс хийгдэх бүтээгдэхүүний нийлүүлэлт төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээнд тасалдаад байсан. Тэгвэл 8-9-нд шилжих шөнө нийт 140 орчим вагон Аи-92 автобензин нэг дор орж ирлээ. Төмөр замын засварын улмаас саатсан вагонууд сүүлийн өдрүүдэд эрчимтэй орж ирж байгаа тул шатахууны түгээлт сайжрах хандлагатай байна.

"ОХУ 2016 оноос хойш Евро-5 стандартаас доош түвшний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлдээ борлуулахыг хориглосон байсан. Гэвч тус улсын Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 1-нд тогтоол гарган, дотоодод үүссэн хомстолтой холбогдуулан Евро-2, 3, 4 стандартын бүтээгдэхүүнийг 2027 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн. Мөн ОХУ өмнө нь ч Евро-2 стандартын бүтээгдэхүүнийг экспортын зориулалтаар үйлдвэрлэхийг зөвшөөрдөг байсан тул манай улсад Евро-2 болон Евро-5 аль алиныг нь нийлүүлж ирсэн.

Евро-5 болон Евро-2 стандартын бүтээгдэхүүний гол ялгаа нь хүхрийн агууламж юм:

  • Евро-2 стандарт: Хүхрийн агууламж 500 ppm хүртэл байдаг.
  • Евро-5 стандарт: Хүхрийн агууламж ердөө 10 ppm хүртэл байдаг.

Энэ нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд шууд нөлөөлдөг. Сүүлийн үеийн автомашинуудад хорт утааг шүүх зориулалттай катализатор байдаг. Евро-5 түлш катализаторын элэгдэлд маш бага нөлөөлдөг бол Евро-2 сөргөөр нөлөөлдөг. Өвлийн улиралд автомашины яндангаас ус дусах нь хорт бодисыг шүүж байгаагийн илрэл юм. Хүхэр болон хорт нэгдлүүдийг шүүж, цэвэршүүлэхэд өндөр өртөг зардал гардаг тул Евро-5 стандарт нь илүү өндөр үнэтэй байдаг.

Үнийн тухайд, ОХУ-ын "Роснефть" компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс нийлүүлж буй Евро-2 стандартын Аи-92 бензиний хилийн үнэ 11 дүгээр сарын нийлүүлэлтээр тонн тутамдаа 50 орчим ам.доллароор буурсан. Бусад бүтээгдэхүүний үнэ буураагүй. Тиймээс энгийн Аи-92 бензиний үнийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой харагдаж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд Евро-5, Аи-92-ын таван мянган тонн, Евро-2-ын гурван мянган тонны үлдэгдэлтэй байна. Иргэд өөрсдийн санхүүгийн боломжид тулгуурлан хямд үнэтэй Евро-2 бүтээгдэхүүнийг илүү сонгож байгаагаас шалтгаалан энгийн Аи-92 зардаг ШТС-ууд дээр дараалал үүсэж, харин Евро-5 зарж буй газруудад оочир дараалал үүсэхгүй байна.

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа:

-АҮЭБЯ, АМГТГ, НЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг 10 дугаар сарын 28-наас хойш хоёр үе шаттайгаар нийт 482 ШТС-д хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтын дүнгээр:

  • Нийт ШТС-уудын 75 хувь нь хэвийн ажиллаж байна.
  • Үлдсэн 25 хувь нь техникийн саатал болон нөөц дуусаж, агуулахын саванд хий орсон шалтгаанаар түр зогссон.
  • 2 болон 3-аас дээш хошуугаар түгээж байгаа ШТС-уудын тоо 60 хувиар өссөн.
  • ШТС-уудын 75 хувьд дараалал 30 хүртэлх машинтай, 25 хувьд нь 30-аас дээш машинтай байна.
  • Бүх ШТС хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж байгаа бөгөөд нийт ШТС-уудын 96 хувь нь benzin.mn сайтад мэдээллээ тогтмол оруулж байна.

Амралтын өдрүүдийн шалгалтаар хоёр ШТС дээр энгийн Аи-92 болон Евро-5 шатахууныг хольж, сольж зарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул шатахууны дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд нээлттэй зарлаж, хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Цахим орчинд "шатахуун хүргэж өгнө" хэмээн өндөр үнэ хэлж байгаа дамын наймаа, залилангийн шинжтэй үйлдлүүдийг цагдаа, хууль хүчний байгууллагатай хамтран шалгаж байгаа. Иргэд зөвхөн benzin.mn сайтаас бодит мэдээлэл авах хэрэгтэй. Зөрчил гаргасан ШТС-уудад хатуу хариуцлага тооцно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.