Улаанбаатар хотын зургаан төрлийн татварыг 50 хувь бууруулах хотын даргын санаачилгыг НИТХ дэмжлээ
Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн мэдүүлсэн. НИТХ-ын ээлжит хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулж буй юм.
Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа хоёр хувийн албан татварыг хөндөхгүй хэвээр үлдээж байгаа аж. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг эргэн харна гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед энэхүү шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.