Хагас марафоны үеэр 27 тамирчин эмнэлгийн яаралтай тусламж авсан хэргийг цагдаа шалгаж байна
АНУ-ын Калифорни мужийн Санта-Барбара болон Голета хотод зохион байгуулагдсан хагас марафоны үеэр олон тооны гүйгч гэнэт бие нь өвдөж, эмнэлгийн яаралтай тусламж авсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Нийт 6000-7500 орчим тамирчин оролцсон тус гүйлтийн үеэр эрүүл мэндийн байгууллагаас 30 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснээс 27 нь яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн байна.
Эрүүл мэндийн "Cottage Health" байгууллагын мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн иргэдээс 24 нь эмчилгээ хийлгэн гарсан бол гурван өвчтөний биеийн байдал тогтвортойгоор үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлж байна. Эмч, мэргэжилтнүүд гүйгчдэд ухаан балартах, ой санамжаа алдах, хий юм харах зэрэг ер бусын шинж тэмдэг илэрснийг тогтоосон юм. Уралдааны талбайн анхан шатны майхнаас 15 хүнийг шууд эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд анхны яаралтай дуудлага өглөөний 08:41 цагт бүртгэгджээ.
Тэмцээн болсон өдөр цаг агаар арваннэгдүгээр сарын дунджаас эрс халуун буюу +27+31 хэм хүртэл халсан нь ийнхүү олноор өвдөхөд нөлөөлсөн гэж эрүүл мэндийн байгууллагаас дүгнэжээ.
Энэ бүс нутагт тухайн сарын дундаж нь ихэвчлэн 21 хэм орчим байдаг бол энэ өдөр хэт халсны улмаас гүйгчид халууны цохилтод өртөж, биеийн шингэний ноцтой дутагдалд орсон байна.
Эмнэлгээс өгсөн мэдээллийн дагуу Санта-Барбара хотын цагдаагийн газар шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Тэмцээний захирал Дэвид Монико оролцогчдын бие муудсан явдал нь зөвхөн хэт их биеийн ачаалал, шингэний дутагдал болон өндөр хэмтэй холбоотой бөгөөд усны цэгүүдээс хордсон гэх цахим сүлжээний мэдээлэл батлагдаагүй болохыг мэдэгдэв.
Хууль сахиулах байгууллагаас олон нийтэд шууд учирсан аюул занал байхгүйг онцолсон бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа гүйгчдийг яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Хэргийн учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн газраас нарийвчилсан шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.