Сибирьт суурьшин Нигери улсын иргэн "Марио эмч"
Нигери улсаас ОХУ-д анагаах ухааны чиглэлээр суралцахаар очсон Огенемаро Шедрак Офуя хэмээх эмч Сибирьт бүрмөсөн суурьшиж, амжилттай ажиллаж байгаа тухай Оросын lenta.ru сайтад өгүүлжээ.
Өвчтөнүүдийнхээ дунд "Марио эмч" нэрээр танигдсан тэрбээр Алтайн хязгаарын Барнаул хотод анагаах ухааны анхан шатны боловсрол эзэмшсэний дараа Омск хотод шилжин ирж, өдгөө мэс заслын салбарт хүчин зүтгэж буй аж.
Түүнийг Сибирь рүү анх явах үед ар гэрийнхэн нь тухайн бүс нутгийн тэсгим хүйтэн цаг агаар, зэрлэг байгалийн тухай ойлголтуудаас болж ихээхэн санаа зовниж байв. Энэ үед түүний аав нь хошигнон "Хэрэв түүнийг баавгай идчихвэл надад цаана нь өөр дөрвөн хүүхэд бий" хэмээн хэлж байжээ. Залуу мэргэжилтэн тухайн орны хэлийг богино хугацаанд эзэмшиж, өөрийгөө хошигнон "афро-сибирь хүн" гэж нэрлэх болсон байна.
Мэргэжлийн замналын хувьд Огенемаро эхэндээ Омск хотын 3 дугаар поликлиникт ерөнхий эмчээр ажиллаж байв. Улмаар мэс заслын чиглэлээр дагнан суралцаж, 2024 онд мэргэшлээ албан ёсоор дүүргэснээр Омск хотын Яаралтай тусламжийн 2 дугаар эмнэлэгт бие даан мэс засал хийх туршлага хуримтлуулжээ.
Тэрбээр орон нутгийн өвчтөнүүдийнхээ дунд ихээхэн нэр хүндтэй болсон бөгөөд ялангуяа ахмад настнууд түүнийг "Марио эмч" хэмээн дотночлон дуудаж, зарим нь өөрийн ач охинтойгоо танилцуулах тухай хошигнодог байна.
Түүнчлэн тэрбээр Сибирийн өвлийн уур амьсгалд бүрэн дасаж, борщ, шорлог зэрэг орон нутгийн хоолонд дуртай болсон бол окрошка (оросын уламжлалт хүйтэн шөл) болон май загастай салат зэрэг зоогийг эхэндээ тун өвөрмөцөөр хүлээн авч байснаа дурсчээ.
Сургуулиа төгсөөд эх орондоо эргэн очихоор анх төлөвлөж байсан ч тэрбээр Сибирьт өөрийн карьер, ирээдүйн амьдралаа бүтээн тэндээ бүрмөсөн үлдэхээр шийдсэн байна. Одоогийн байдлаар тэрбээр эмнэлгийн байгууллагад амжилттай ажиллахын сацуу мөн адил эмч мэргэжилтэй хамтрагчийн хамт шинэ амьдралаа цогцлоож байгаа гэнэ.
Эх сурвалж:
• dspl.ru
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.