Дэлхийн дулааралд голлон нөлөөлөгч метан хийн үлэмж алдагдлыг сансраас илрүүлжээ
Дэлхийн дулаарлын 30 орчим хувийг дангаар үүсгэж буй метан хийн их хэмжээний алдагдлыг өндөр нарийвчлалтай хиймэл дагуулууд илрүүлсээр байгааг "CNN" агентлагийн шинжээч Лора Паддисоны эрэн сурвалжлах нийтлэлд онцолжээ.
Өнгө, үнэргүй энэхүү хий нь агаар мандалд ялгарсан эхний 20 жилийн хугацаандаа нүүрсхүчлийн хийнээс 80 дахин илүү дулаан хуримтлуулах чадвартай супер бохирдуулагч бөгөөд үүнийг богино хугацаанд танах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн түргэн үр дүнтэй аргад тооцогдож байна.
Дэлхий даяарх метан ялгаруулагч томоохон цэгүүдийг илрүүлэх зорилгоор "Planet Labs" компани болон байгаль орчны чиглэлээр ажилладаг "Carbon Mapper" ашгийн бус байгууллага хамтран хоёр өндөр нарийвчлалтай хиймэл дагуулыг сансарт ажиллуулж байгаа аж. Эдгээр хиймэл дагуул нь гаргийг хойд туйлаас өмнөд туйл хүртэл өдөрт дунджаар 16 удаа тойрон эргэж, олон зуун гэрэл зураг авдаг аж. Энэхүү технологийн тусламжтайгаар газрын тос, байгалийн хийн байгууламжууд болон хогийн цэгүүд зэрэг нийт бохирдлын дийлэнх хувийг дангаар үүсгэдэг дэд бүтцийн эх үүсвэрүүдийг нарийн тогтоох боломж бүрджээ.
Сансрын ажиглалтын үр дүнд АНУ-ын газрын тос, хийн салбарын дэд бүтцэд байнгын метан хийн алдагдал гарч буй ноцтой баримтууд бүртгэгдсэн байна. Тухайлбал, Техас мужийн Орла хотод хамгийн олон буюу нийт найман удаагийн томоохон алдагдал ажиглагдсаны нэг нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баримтжуулагджээ. Түүнчлэн Техасын Стэнтон, Луизиана мужийн Ринголд хотууд жагсаалтын дээгүүрт бичигдсэн бол олон улсын хэмжээнд Туркменистан болон Венесуэл зэрэг улсын нутаг дэвсгэрт ч ийм хэмжээний үлэмж метан хийн алдагдлууд илэрсэн байна.
Агаар мандалд харьцангуй богино хугацаанд задардаг тул метаны ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг түргэн хугацаанд хязгаарлах бодит боломж юм.
"Carbon Mapper" байгууллагын шинжлэх ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч Дэн Кусворт "Бид өнөөдөр метан хийг бууруулах ямар ч алхам хийсэн түүний үр шимийг өөрсдийн амьдрах хугацаандаа шууд мэдрэх бүрэн боломжтой. Иймээс энэ асуудлын араас тууштай хөөцөлдөх нь маш оновчтой шийдэл" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Гэвч хиймэл дагуулын тусламжтайгаар бохирдлын голомтыг тодорхой болгож буй ч дэлхийн агаар мандал дахь метан хийн түвшин тасралтгүй өссөөр байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Алдагдлыг илрүүлэх болон засах технологи бэлэн байгаа боловч улс орнуудын засгийн газрууд оператор компаниудад тавих шаардлагаа хойшлуулах, сулруулах зэргээр үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа нь уур амьсгалын хямралыг улам даамжруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.