Өмнөд Солонгост 32 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, 57 хүн бэртжээ
Өмнөд Солонгосын Сөүл хотын өмнөд хэсэгт орших Кёнги мужийн Соннам хотын Бундан дүүрэгт нийтийн тээврийн автобус гэрлэн дохио хүлээж зогссон цувааг мөргөсний улмаас 32 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарч, 57 хүн гэмтэж бэртсэн байна. Уг осол өнөөдөр өглөөний 07:34 цагийн орчимд буюу иргэдийн ажил цуглах оргил ачааллын үеэр гарчээ.
Ослын нөхцөл байдлыг тодруулбал, чиглэлийн автобус уулзвар дээр зогсож байсан автомашинуудыг хүчтэй мөргөж, уг мөргөлдөөн 100-150 метр орчим зайд үргэлжилжээ. Үүний уршгаар дөрвөн автобус, нэг ачааны машин болон 27 суудлын автомашин хоорондоо мөргөлдөн ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн байна. Ослыг эхлүүлсэн автобус эцэст нь замын голын төмөр хашлагыг мөргөж зогсжээ.
Ослын улмаас бэртсэн 57 хүний 9-10 нь хүнд гэмтэл авсан бол 48 орчим иргэн хөнгөн гэмтсэн байна. Тухайн бүсэд онцгой байдлын 88 алба хаагч, 33 тусгай зориулалтын автомашин шуурхай ажиллан, яаралтай тусламжийн түр цэг байгуулж анхны тусламж үзүүлсэн байна. Ослыг гаргасан автобусыг жолоодож явсан 60 эргэм насны эрэгтэй жолооч мөн бэртэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд согтолтын шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ.
Жолооч цагдаагийн байгууллагад өгсөн анхны мэдүүлэгтээ замын уулзвар руу дөхөж явах үед тээврийн хэрэгслийн тоормос гэнэт ажиллахаа больсон хэмээн тайлбарласан байна. Цагдаагийн газраас автобусны хар хайрцаг болон ойр орчмын хяналтын камеруудын бичлэгийг нарийвчлан шалгаж, техникийн саатал гарсан эсэх болон ослын нарийн шалтгааныг эцэслэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж:
• eagle.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.