Иран баяжуулсан уранаа гадагш гаргахаас татгалзсанаар газрын тосны үнэ өслөө
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга баяжуулсан цөмийн материалаа хилийн чанадад шилжүүлэхгүй гэж мэдэгдсэний дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшнээс ойролцоогоор нэг хувиар өслөө. Энэхүү алхам нь Тегеран болон Вашингтоны хоорондох дипломат хурцадмал байдал ойрын хугацаанд намжих найдлагыг үгүй хийж, зах зээлд нийлүүлэлтийн болгоомжлолыг дахин сэргээгээд байна.
Арилжааны дүнгээр Брент маркийн түүхий газрын тосны үнэ 1.27 ам.доллар буюу 1.39 хувиар чангарч, нэг торх нь 92.76 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI маркийн газрын тос 49 цент буюу 0.57 хувиар өсөж, 86.53 ам.доллароор хаагдлаа. АНУ-ын албаны хүмүүс Иранд нэмэлт цэргийн цохилт хийх шаардлагагүй гэж мэдэгдсэний улмаас өмнөх арилжаагаар түүхий тосны үнэ гурван гаруй ам.доллароор унаад байсан юм. Хэдийгээр үнэ тодорхой хэмжээнд эргэн сэргэсэн боловч энэ сарын эхэн үетэй харьцуулахад Брент маркийн тос 21 хувь, WTI марк 17 орчим хувиар доогуур төвшинд хэвээр байна.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга баяжуулсан цөмийн материалын ганц ч ширхэг атомыг ямар ч нөхцөлд улс орноосоо гаргахгүй гэдгийг онцолжээ. Тэрээр ураны нөөцийг тэнгисийн цэргийн болон шумбагч онгоцны хөдөлгүүрт ашиглахаар дотооддоо хадгална хэмээгээд, ураныг шилжүүлэн авах тухай ОХУ-ын саналыг няцааж, шийдвэрээ Москвагийн талд урьдчилан танилцуулснаа мэдээлсэн байна. Олон улсын атомын энергийн агентлагийн тайланд дурдсанаар 2025 оны зургаадугаар сарын цохилтоос өмнө Иран улс 60 хувь хүртэл баяжуулсан 440.9 кг уран эзэмшиж байсан бөгөөд одоогийн үлдсэн нөөцийн байршил тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн Ормузын хоолой дахь тээвэрлэлтийн эрсдэл өндөр хэвээр байгаа нь зах зээлийг түгшээж байна. Ойрхи Дорнодын бодлогын Вашингтоны хүрээлэнгийн мэдээлснээр аравдугаар сард тус хоолойд 37 хөлөг онгоц халдлагад өртсөн нь сөргөлдөөн гарснаас хойших сарын хамгийн дээд үзүүлэлт болов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.