Дорнодын ГХБХБГ-ын даргыг авлигын хэрэгт шалгаж байна

Дорнодын ГХБХБГ-ын даргыг авлигын хэрэгт шалгаж байна

Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын дарга Х.Гүенбатыг АТГ-ынхан шалгаж эхэллээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт АТГ-ын ажлын хэсэг тус аймагт ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Үүний хүрээнд ГХБХБГ-ын даргын албан өрөө, гэрт нь прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж, эд мөрийн баримт хураан авчээ.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг бусдаас хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Хэнээс, ямар ажил амжуулахын тулд хэдий хэмжээний хахууль авсан талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна. Х.Гүенбаттай хамт нийтийн албан тушаал хашдаг нэг бус иргэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг орон нутгийн зарим эх сурвалж өгсөн ч хууль, хяналтын байгууллагынхан зөвхөн тухайн хүнийг л холбогдуулан мөрдөн байцаалт явуулж буйг хэлэв.

Мөн, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Дорнод аймгийн ГХБХБГ-ын дарга Х.Гүенбатыг түр саатуулсан гэдгийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан баталлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.