🔴М.Нарантуяа-Нара: Асуудалд нэр холбогдсон сайд, гишүүд Ерөнхийлөгчийн жишгээр ажлаа өгч шалгуулах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө ажлаа өгч, хууль хяналтын байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн явдалд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь улс төрийн хувьд маш зөв жишиг, түүх бүтээхүйц үйл явдал боллоо гэж харж байна. Төрийн тэргүүн ээлжит хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч шалгуулна гэдэг нь улс төрийн өндөр соёл, хариуцлагын тод илрэл мөн.
Мөн уг асуудалд зөвхөн төрийн тэргүүн бус, гадаадаас мэдээлэл цацаж буй эх сурвалжийн мэдээнд дурдагдсан Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүд бүгд хамааралтай байна. Тэдгээр албан тушаалтнууд ч мөн Ерөнхийлөгчийн тогтоосон жишгийг дагаж, ажлаа хүлээлгэн өгч шалгуулах зайлшгүй шаардлагатай. Нэр холбогдсон хүмүүсээс санал асуулгүйгээр бүгд шил шилээ даран албан тушаалаасаа бууж, үнэн мөнөө тогтоолгосны дараа албандаа эргэн ажиллах зарчмыг мөрдөх ёстой.
Нэг хүнийг туг тахиж, нөгөө бүлэглэл нь хүнээ аварч авч үлддэг тогтолцоогоор явж болохгүй. Зуун хүнийг золиослоод өнгөрсөн ч тогтолцоо нь авлигын төлөө ажилласан хэвээр байвал энэ асуудал шийдэгдэхгүй. Авлига гэдэг ганц хүн халагдаж, огцорсноор арилдаг зүйл биш. Иймээс зарчмын хариуцлага тооцох ёстой.
Төрийн ордонд бие биеэ авлига, албан тушаалын болон хүний амь нас хохирсон ноцтой хэргүүдэд илчилж, баримтууд дэлгэгдэж буй энэ үед хууль хяналтын байгууллага үнэний мөрөөр шуурхай ажиллах шаардлагатай. Ийм ноцтой хэргүүдийг эсрэг талынхаа эсрэг зэвсэг болгон ашиглаж, шалгалгүй өнгөрөөж болохгүй. Засгийн газар, УИХ-ын нэр холбогдсон бүх гишүүд ямар нэгэн шалтаг тоочилгүйгээр ажлаа хүлээлгэн өгч шалгуулах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.