“Миний улс төр дуусаагүй” гэдгээ зарлалаа

“Миний улс төр дуусаагүй” гэдгээ зарлалаа

Монгол Улсын улс төрийн түүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцрох мэдэгдлээ хийсэн анхны тохиолдол бүртгэгдлээ. Улсын их хурал энэхүү хүсэлтийг хүлээн авч чөлөөлөх байх. Хуулинд зааснаар дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах болов уу. 

Энэхүү цочир мэдэгдлээрээ улс төрч У.Хүрэлсүх “Миний улс төр дуусаагүй” гэдгээ зарлалаа. Энэхүү гэнэтийн мэдэгдлээрээ “Улс төрийн тэрхүү гэмт бүлэглэлтэй эцсээ үзнэ” гэдгээ хэлчихлээ. 

Харин “Өчигдөр Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлага тавьсантай би санал нэг байна” хэмээн хэлсэн нь таавчигтай эхийн асуудлаас болж Ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорч байсантай агаар нэгэн, шалтаг төдий  болов уу гэж тааж байна. Ерөнхий сайдын суудлаа өгөөд Монгол Улсын ерөнхийлөгч болсон шиг Монгол Улсын ерөнхийлөгчийн суудлыг өгөөд улс төрийн ямар суудалд суух гэж тооцсон юм бол? МАН-ын дарга уу, эсвэл эргээд Ерөнхий сайд болох уу? Эсвэл, Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхийг нь нээж өгөх үү? 

Ямартай ч энэхүү мэдэгдлээрээ улс төрөөс буух бодолгүй байгаагаа хэлчихлээ. Үгэндээ хэд хэдэн удаа дурдсан шиг “Үнэн зөв, шударга ёс тогттол тэмцэнэ” гэдгээ хэлчихлээ.

Сүүлийн сар орчмын хугацаанд Хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараагийн шууд мэдэгдлийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгч Бага тэнгэрт хаустай гэдгийг монгол түмэн мэдэж авлаа. Хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн шар баримтыг бүгд харлаа. Тэрэлжид амралтын газартайг мэдэж авсан.

Харин, өнгөрсөн долоо хоногт “Бодь групп 110 сая ам.доллар тарааснаас Монгол Улсын ерөнхийлөгч 25 саяыг нь авсан” гэж хотын дарга асан мэдэгдсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцроход хүргэчих шиг боллоо. Тэрбээр энэ тухайд “Хүн үнэмшихийн аргагүй хүнд гэмт хэрэгт гүтгэлээ” хэмээн мэдэгдлээ. “Би худлаа ярьж явсангүй. Хулгай хийж явсангүй. Хуурч мэхэлж явсангүй” хэмээн брэнд үгээ хэллээ.

Иймд, өөрийн хүсэлтээр огцорч “Хүн биш хууль засагладаг. Хуулийн доор хүн бүр тэгш эрхтэй гэдгийг харуулж, өөрийг нь гэмт хэрэгт гүтгэсэн этгээдүүдийг хуулийн байгууллагад өгч, нэр төрөө сэргээлгэнэ” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.