🔴Б.Энхбаяр: ЗГХЭГ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дарга Б.Энхбаяр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн талаараа мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүнтэй уулзаж гарч ирснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргана. Миний бие ард түмний нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд үзлээ. Төрийн тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, эгэл жирийн иргэн болоод нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ. Би төрийн тэргүүний энэхүү манлайллыг үлгэрлэх ёстой гэж үзэж байна.
Хавраас хойш олон сая ам.долларын хахууль авсан гэх бузар гүтгэлэгт өртөж байна. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ямар ч үндэслэл, нотлох баримтгүй гүтгэлгийг олон удаа тарааж ирлээ. Хууль хяналтын байгууллагаас шалгахад ямар ч баримт байхгүй байсаар атал ийм байдлаар гүтгэсээр байна. Ийм учраас би өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж, ЗГХЭГ-ын дарга, сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, жирийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдээд гарч ирлээ.
110 сая ам.доллароос намайг тодорхой хэмжээний мөнгө авсан гэх асуудалд Авлигатай тэмцэх газраас нотлох баримт байхгүй гэдгийг мэдэгдсэн. Би энэ талаар маш олон удаа гүтгэлэг гэдгийг нь хэлсэн. Өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ болон тус бүлэглэл энэхүү гүтгэлгийг тараасан гол зорилго нь ердөө л Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг авах явдал байсан. Тэд зорилгодоо хүрсэн. "Хууль зүйн сайд нь хэрэгтээ нөлөөлөөд байна, Хууль зүйн сайдын албан тушаалтай байгаа учраас хэрэг үнэн мөнөөр шалгагдахгүй нь, ажлаа өгөөд энэ олон сая долларын асуудлаа шалгуул" гэж тоглолт хийсээр Хууль зүйн сайдын албыг авсан. Одоо ч сайдын ажлаа өг гэж байна. Тийм учраас Монгол Улсын төрийн тэргүүн өөрөө үүрэгт ажлаасаа бууж байхад би ч гэсэн улс төрч хүний хувьд ийнхүү ажлаа өгөх шийдвэр гаргалаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.