🔴Ө.Шижир: Эрх мэдлийн төлөөх улс төрийн зодоондоо Ерөнхийлөгчийг татан орууллаа

AI хөрвүүлсэн
🔴Ө.Шижир: Эрх мэдлийн төлөөх улс төрийн зодоондоо Ерөнхийлөгчийг татан орууллаа

Сүүлийн өдрүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд болон холбогдох агентлагийн удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улс төрийн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өрнөж буй үйл явц нь ард түмний эрх ашгийн төлөө бус, эрх баригчдын дундах эрх мэдэл, төсвийн хөрөнгийг хянах гэсэн бүлэглэл хоорондын тэмцэл гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Энэ бол сүүлийн хоёр жилийн турш өрнөж буй процесс. 2024 оны аравдугаар сард МАН-ын даргын төлөөх тэмцэл үндсэндээ Монгол Улсын төсөв болон бүх салбарыг хоёр хуваасан. МАН-ынхан монголчуудад, ард түмэндээ хайртайдаа эрх мэдлийн төлөө ингэж булаацалдаж зодолдоогүй. Тэд улсын төсвийн 40 их наяд төгрөг, төрийн өмчит компаниудын 100 их наяд төгрөгийн хөрөнгийг хэн хяналтгүйгээр захиран зарцуулах вэ гэдэг эрхийн төлөө л зодолдож байна. Энэ нь арай бага хувь хүртсэн нь илүүг авсандаа шахагдаж, багаа бүр мөсөн үгүй хийх гэсэн эрх мэдлийн бялууны төлөөх тэмцэл юм. 

Энэ нь маргаан нь иргэдийн худалдан авах чадвар, цалин хөлс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нийгэмд тулгамдсан бодит асуудлыг шийдвэрлэх ямар ч зорилгогүй бөгөөд төрийн өмч, төсвийн мөнгөөр хэрхэн хөлжих, тэрхүү хулгайлсан мөнгөөрөө сонгуульд яаж ялах вэ гэсэн амбицын үр дүн. 

Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье, иргэний хувиар шалгуулъя гэж байгаа бол нэр холбогдсон бүх албан тушаалтнууд араас нь ажлаа өгөх хэрэгтэй. Зөвхөн сайдын албан тушаалаа өгөх төдийгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн, бүгд нэг тавцан дээр хууль, шүүхийн байгууллагын өмнө эрх тэгш очиж шалгуулах ёстой.

2016-2020 онд МАН-ынхан авлигыг 100, 100 саяар буюу 750 сая, 950 саяар ярьдаг байсан. 2020-2024 онд 10 тэрбум, 20 тэрбум, 50 тэрбум гэж тэрбумаар ярьдаг болсон бол одоо их наядаар ярьдаг боллоо. Аравхан жилийн өмнө 60 тэрбумын схем яригдахад бүгд цочирддог байсан бол өнөөдөр хэдэн зуун сая ам.доллар, хэдэн их наядын асуудал ил цагаан яригдаж байна. Төгрөгөөр биш, зөөж тээвэрлэхэд хялбар доллороор хэмжигдэж, мөнгөний үнэлэмжийн баримжаагаа алдсан.

Бие биеийнхээ гэмт хэрэг, хулгайн баримтуудыг ээлжлэн дэлгэж буй улс төрчдийг гэмт хэрэг нуун дарагдуулсан үндэслэлээр хууль хяналтын байгууллага дуудаж шалгах ёстой. Энэ үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалдаа хүрэхийн тулд хууль бус үйлдлийг санаатайгаар хадгалж байгаад тохиромжтой үедээ ашиглаж байгаа хэрэг, эсвэл хамт хулгайлсан өмч хөрөнгийнхөө хуваарилалт дээр тохиролцож чадаагүйн илрэл. 

Хууль, шүүхийн байгууллага энэ асуудлыг нэг талд нь гаргаж, эцэслэн мухарлах ёстой. Хэрэв иргэд хууль, шүүхдээ итгэхээ больбол нийгэмд бухимдал үүсэж, эмх замбараагүй байдал бий болох аюултай. Тиймээс хуулийн байгууллага нэр төрөө цэвэрлэж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.