🔴Ц.Ганзориг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, жирийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлсэн. Хуулийн процессын дагуу уг асуудлыг өнөө, маргаашийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, улмаар пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж, олонхын саналаар эцэслэн шийдвэрлэх товтой. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн түр эзгүйд УИХ-ын дарга Төрийн тэргүүний бүрэн эрхийг хавсран гүйцэтгэх зохицуулалттай байдаг. Түүнчлэн Төрийн тэргүүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, цаашид дахин нэр дэвших боломжтой эсэх талаар албаны эх сурвалж тайлбар өглөө.
Энэ талаар ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд энэ байр суурь нь хэвээр байгаа. Энэ нь хувь хүний гэхээс илүүтэй Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлдог Төрийн тэргүүний болон улс орны нэр хүнд олон улсад хөндөгдөж буй тул уг асуудалд нэг мөр цэг тавих шаардлагатай гэж үзсэн.
Тэрбээр УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ч шударга ёс, хуулийн өмнө хүн бүр тэгш байх, хариуцлага алдагдсан газарт хариуцлага тооцох зарчмыг баримталж ирсэн. Иймээс олон нийтэд эргэлзээ төрүүлсэн элдэв гүжир гүтгэлэг улс орны болон төрийн нэр хүндэд халдаж байгаа энэ үед Төрийн тэргүүний халдашгүй эрх ямбаны ард нуугдалгүй, жирийн иргэн болж байгаад нэр төрөө сэргээлгэх нь зүйтэй гэж үзсэн. Энд албан тушаалаараа өөрийгөө хамгаалуулах, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах ямар нэг асуудал байхгүй гэв.
Түүнчлэн түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа алдагдсан 10 том ордыг улсын мэдэлд эргүүлэн авчирч байсныг дурдлаа. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 1.2 орчим их наяд төгрөгийн санхүүжилтээр цар тахлын хүнд үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, ус, уур зэрэг 7 төрлийн төлбөрийг чөлөөлж байсныг сануулсан юм. Ийнхүү шударга бус явдал, хулгайд алдагдсан баялагтай тэмцэж ирснээс бус улс орны төсөв, татвар, тендертэй хутгалдаж, нийтийн хөрөнгөөс шамшигдуулсан зүйл байхгүй бөгөөд өргөсөн тангарагтаа үнэнч явж ирснээ илэрхийлжээ. Төрийн тэргүүний гадаад бодлого, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг цаг хугацаа, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн дүгнэх учиртай гэлээ..
Хэрэв УИХ энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжвэл шийдвэр хүчин төгөлдөр болж, хуулийн дагуу дараагийн процесс эхэлнэ. УИХ-аас шийдвэр гарснаас хойш хуульд заасан 4 сарын хугацаанд ээлжит бус сонгуулийг зөвхөн зарлаад зогсохгүй, бүрэн зохион байгуулж дуусган дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах үүрэгтэй юм. Хугацааны хувьд 12 дугаар сарын 1 гэхэд шийдвэр тодорхой болбол түүнээс хойших хуулийн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаа явагдах зохицуулалттай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.