Габон улсад хулгайлагдсан хүүхэдтэй гэрлэсэн этгээдэд тухайн гэрлэлтийг хүчингүй болгосны дараа хариуцлага хүлээлгэдэг
НҮБ-ын Хүн амын сангийн тайлангаар дэлхий даяар дөрвөн эмэгтэй тутмын нэг буюу 25 хувь нь нөхөр болон хамтрагчийнхаа шаардсан бэлгийн харьцаанаас татгалзах, зөвшөөрөх эсэхээ бие даан шийдвэрлэх эрхгүй нөхцөлд амьдарч байна.
Бүс нутгийн түвшинд энэ асуудал ихээхэн ялгаатай байгаа бөгөөд нөхцөл байдал Баруун болон Төв Африкт хамгийн хүнд байна. Тодруулбал, тус бүсийн гэрлэсэн эмэгтэйчүүдийн 45 хувь нь бэлгийн харьцаанаас татгалзах эрхгүй байгаа бол Зүүн болон Өмнөд Африк, түүнчлэн Арабын орнуудад энэ үзүүлэлт 33 хувьтай гарчээ. Харин Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт 10 эмэгтэй тутмын нэг нь өөрийн бие халдашгүй байх эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна.
Ялангуяа өсвөр насны охид дотно харилцааны хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгааг судалгааны дүн ил болголоо. Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Казахстан, Малави, Мали, Нигери, Тажикистан, Замби зэрэг найман улсын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр 15–19 насны охид 45–49 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад татгалзах эрхийн хувьд илүү сул дорой, эмзэг байдалд байгааг тогтоожээ.
Хууль эрх зүйн орчны цоорхой нь уг зөрчлийг улам даамжруулж байна. "Equality Now" хүний эрхийн байгууллагын хуульч Жан-Пол Мурунгагийн цохон тэмдэглэснээр гэрлэлт нь бэлгийн харьцаанд орох байнгын зөвшөөрөл биш бөгөөд сайн дурын зөвшөөрөлгүй аливаа үйлдэл нь бэлгийн хүчирхийлэл юм. Гэсэн хэдий ч Зааны ясан эрэг, Этиоп, Өмнөд Судан зэрэг долоон оронд эхнэрээ хүчирхийлсэн нөхрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн заалт үйлчилсээр байна. Мөн Танзани, Эритрей зэрэг улсад зөвхөн тусдаа амьдарч буй үед л үүнийг гэмт хэрэгт тооцдог аж.
Хүүхдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн атлаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй улс орнуудад насанд хүрээгүй охид хамгаалалтгүй хохирч байна. Тухайлбал, Габон улсад хулгайлагдсан хүүхэдтэй гэрлэсэн этгээдэд тухайн гэрлэлтийг хүчингүй болгосны дараа л хариуцлага хүлээлгэдэг журамтай байна. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн цоорхойг арилгах эрс шинэчлэл шаардлагатай байгааг уг тайлан харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.