🔴 Ц.Сандаг-Очир: Манай нам өмнөх шиг бүгд ярсхийтэл гар өргөдөг цаг өнгөрч маш нээлттэй болсон
Нийслэлийн МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна. МАН-ын удирдах зөвлөл хотын дарга Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор нэр дэвшүүлсэн.
Хурлын үеэр МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийслэлийн МАН-ын зохион байгуулалт болон дарга солигдох асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Энэ жил нийслэл болон дүүргийн намын байгууллагуудын хувьд дөрвөн жилийн тайлан, сонгуулийн жил тохиож байна. Дөрвөн жил ажиллаад тайлангийн хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэж, зорилт төлөвлөгөөгөө баталдаг сонгуулийн жилийн цикл таарч байгаа тул Нийслэлийн МАН-ын хороо 36 дугаар ээлжит Бага хурлаа хийж байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өчигдөр болсон намын Тэргүүлэгчдийн хурлын үеэр намын хорооны даргын үүрэгт ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Мөн намын Удирдах зөвлөлийн хурлаас Нийслэлийн намын хорооны даргад одоогийн хотын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Х.Нямбаатар дарга өчигдөр Тэргүүлэгчдийн хурал дээр ажлаа Б.Пүрэвдагва даргад хүлээлгэж өгнө гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэргүүлэгчдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн өндөрлөсөн бөгөөд Х.Нямбаатар дарга өнөөдрийн хуралд цахимаар оролцож, тайлангаа цахимаар тавина гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
Түүнчлэн заалнаас өөр нэр дэвшигч гарах эсэх талаар "Заалнаас нэр дэвших эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ намын дүрмийн дагуу заалнаас хэн ч нэр дэвших эрх нээлттэй. Харин намын бодлогын түвшинд Б.Пүрэвдагва даргыг нэр дэвшүүлнэ гэсэн чиглэл барьж байгаа" гэв.
Шинэ дарга багаа удирдан дараагийн сонгуульд авч гарч чадах эсэх тухайд, "Бид итгэл үзүүлж, дэмжиж, түшиж тулах ёстой. Нийслэлийн намын ажил гэдэг ганц хүнээс хамаардаггүй, багийн ажил байдаг. Багаараа хамтарч зүтгэж, 9 дүүрэг, 60 гаруй мянган гишүүнтэйгээ уялдаатай ажиллаж, тэдний оролцоог хангаж байж ажил урагшилдаг. Тиймээс зөвхөн нэг даргаас хамаарсан сонгуулийн ялалт гэж байдаггүй, хамтын ялалт, хамтын хариуцлага гэж байдаг" хэмээн онцоллоо.
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилласан Х.Нямбаатарын ажлыг дүгнэхдээ Ц.Сандаг-Очир, "Би 2005 оноос хойш 21 жилийн хугацаанд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, намын хорооны гишүүний сонгуульт ажлыг хашиж байна. Энэ хугацаанд нийслэлийн намын хорооны 10 орчим даргын удирдлага дор хамтарч ажиллалаа. Үе үеийн дарга нар хийх ёстой ажлаа хийгээд явж ирсэн. Намын ажлын эцсийн үр дүн сонгуулийн үр дүнгээр л хэмжигддэг. Нийслэлийн МАН 2012 оны сонгуульд ялагдсан 4 жилийн хугацааг эс тооцвол бусад бүх сонгуульд ялалт байгуулж ирсэн. Тийм учраас тухайн үед ажил хариуцаж байсан дарга нар ажлаа сайн хийж ирсэн гэж үзэж байна" гэв.
Мөн тэрбээр Х.Нямбаатарын цахим орчинд шүгэл үлээж байгаа асуудал болон одоогийн нөхцөл байдлын тухайд, "Х.Нямбаатар дарга одоогоор Канадад сурч байгаа гэж ойлгож байгаа. Сургалтын үйл ажиллагаа нь дуусахаар ирэх байх. Энэ бол тухайн хүний улс төрийн байр суурь юм. Ер нь манай нам маш нээлттэй болсон. Өмнөх шиг бүгд ярсхийтэл гар өргөн дэмждэг үе өнгөрсөн. Алдаа оноогоо илэн далангүй ярьдаг, чөлөөтэй нэр дэвшиж өрсөлддөг болсон. Намын бодлого болгоныг шууд зөв гэж үздэг цаг үе ард хоцорч, гишүүдээ сонсдог, гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг шинэ цаг үе ирсэн" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.