Монгол Улс шатахууны импортын шинэ эх үүсвэрүүдтэй боллоо
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн моторын түлшний экспорт 2026 оны долоодугаар сард 173 мянган тонн болж, өмнөх сарын 186.4 мянган тонноос буурсан байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын АИ-92 автобензиний импорт зургаадугаар сард 57,655 тонн байсан бол долоодугаар сард 47,088 тонн болж буурчээ.
Нийлүүлэлтийн хүндрэлд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөнтэй холбоотой үйлдвэрлэлийн саатал, зуны улирлын эрэлтийн өсөлт нөлөөлсөн байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортынхоо 97 орчим хувийг ОХУ-аас хангадаг тул энэ нөхцөл дотоодын зах зээлд нөлөөлж, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн юм.
Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 4-нөөс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох, нэг автомашинд 50 мянган төгрөгийн шатахуун худалдах хязгаарлалт тогтоосон. Харин нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн төлөөлөлтэй хэлэлцээ хийж, наймдугаар сард нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш авахаар тохиролцсон.
Мөн импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд БНСУ-аас сар бүр 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцоонд хүрч, БНХАУ-аас онгоцны түлш худалдан авч эхэлсэн. Энэ нь шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, нэг улсаас хэт хамааралтай байдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм.
Эх сурвалж:
• peak.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.