Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026 онд дотоодын үйлдвэрлэгчдийн бордоог хээрийн нөхцөлд туршлаа.

Туршилтыг хоёр байгууллага хийж ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Дархан-Уул аймгийн Хонгор суманд туршсан бол Хөдөө аж ахуйн их сургууль Төв аймгийн Борнуур суманд туршжээ.
Тариалангийн хөрсний үржил шим буурч байгаа нь туршилтыг хийх болсон гол шалтгаан юм. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн 2024–2025 онд 15 аймгийн 55 сумын 137 аж ахуйн нэгж, иргэний 54654.1 га талбайн хөрсний шинжилгээгээр 3.0 хувиас их ялзмагтай талбай 0.8 хувь, 2.01-3.00 хувь ялзмагтай талбай 57.1 хувь, 2.00 хувиас бага ялзмагтай талбай 42.1 хувийг эзэлжээ.

Харин шим тэжээлийн бодисын хангалтын зэргийн хувьд нитрат азотын агуулалтаар 92.4 хувь нь бага, 2.0 хувь нь дунд, 5.6 хувь нь сайн, хөдөлгөөнт фосфорын агуулалтаар 2.9 хувь нь бага, 95.8 хувь нь дунд, 1.3 хувь нь сайн, солилцох калийн агуулалтаар 95.6 хувь нь бага, 4.3 хувь нь дунд, 0.1 хувь нь сайн хангалттай байгаа нь тогтоогдсон байна.

Эрдэмтдийн тооцоогоор хөрсний үржил шимийн төлөв байдалд үндэслэн бордох системийг бүрэн хэрэгжүүлэхэд манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлд азотын бордоо 113.1 мянган тонн, фосфорын бордоо 64.1 мянган тонн, калийн бордоо 41.3 мянган тонн, нийт 218.5 мянган тонн химийн бордоо шаардлагатай байгаа юм. Дотоодын бордоог туршихад шар луувангийн ургацыг 88, рапсынхыг 56, буудайнхыг 35 хувиар нэмэгдүүлэх боломжтойг тогтоов.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.