Европын агаарын тээврийн компаниудыг онилсон тэсрэх бөмбөгний хуурамч сүрдүүлгүүд
Европын агаарын тээврийн салбарыг онилсон тэсрэх бөмбөгний хуурамч сүрдүүлгийн улмаас нэг долоо хоногийн хугацаанд 35 гаруй нислэгийн хуваарь алдагдаж, хэд хэдэн улс сөнөөгч онгоцоо хөөргөхөд хүрэв.
Пүрэв гаргийн байдлаар нэг өдрийн дотор 27 орчим нислэгт аюулын дохио өгсөн бөгөөд цагдаа, тусгай албаныхны хийсэн нарийвчилсан шалгалтаар эдгээр нь бүгд хорлон сүйтгэх зорилготой зохиомол худал мэдээлэл болох нь тогтоогдсон байна.
Сүрдүүлгийн улмаас Ирландын “Aer Lingus” компанийн Дублин хотоос Ром руу 151 зорчигч, багийн зургаан гишүүнтэй зорчиж байсан EI402 дугаартай агаарын хөлөг онцгой байдал зарлаж, Францын байлдааны сөнөөгч онгоцны хамгаалалт дор Норманди дахь Эврё цэргийн баазад ослын буулт хийжээ. Түүнчлэн Хельсинкээс Ром чиглэлийн “Finnair” компанийн нисэх онгоцыг Италийн Агаарын цэргийн хүчний хоёр сөнөөгч онгоц дагалдан хамгаалж, Фьюмичино нисэх буудалд газардуулсан байна. Хамгийн их сааталд өртсөн “Ryanair” компанийн Болгар руу чиглэсэн гурван нислэгт агаарт байх үед нь заналхийлэл ирсэн тул Болгар болон Австри улсууд цэргийн техникээ агаарт хөөргөн дагалдах ажиллагаа явууллаа.
Үүнтэй зэрэгцэн “Wizz Air” компанийн Милан-Варшавын чиглэлийн нислэгийг Австрийн Вена хот руу чиглүүлж, Милан-Бухарестын чиглэлийн хөлгөөс 200 орчим зорчигчийг яаралтай нүүлгэн шилжүүлэн шалгасан байна. Польшийн үндэсний “LOT Polish Airlines” компанийн хэд хэдэн нислэг мөн адил шалгалтад хамрагджээ.
Энэхүү цар хүрээтэй үйл ажиллагаанд Лондон, Дублин, Ром, Милан, Парис, Прага, Варшав, Софи зэрэг тив дамнасан томоохон хотуудын нисэх буудлууд болон 10 орчим агаарын тээвэрлэгч компани өртөөд байна.
Хуурамч заналхийллийг нисэх буудал, тээвэр зохицуулах байгууллагууд руу цахим шуудангаар нэргүйгээр илгээсэн бөгөөд онгоцонд тэсрэх төхөөрөмж суурилуулсан, нэг цагийн дотор дэлбэрнэ гэж анхааруулсан байжээ. Зарим цахим захидалд өөрсдийгөө эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг "Эр хүний төрийн дайчид" хэмээх бүлэглэл гэж тодорхойлсон бол өөр нэг захидалд Оросын хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэж дурдсан байв. Мөн Колумб улсаас илгээгдсэн ул мөр илэрсэн ч олон улсын аюулгүй байдлын байгууллагууд эдгээр мэдээллийн жинхэнэ эзэн болон бодит гарал үүслийг хараахан албан ёсоор батлаагүй байна.
Их Британийн Тээврийн нарийн бичгийн дарга Хайди Александер эдгээр дохиог хорлон сүйтгэх худал заналхийлэл гэдгийг нотолсон бол Европын Холбооны Тээврийн комиссар Апостолос Зизикостас уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмээн мэдэгдэв. Аюулгүй байдлын шинжээчдийн үзэж буйгаар тодорхой нэг улсыг онилоогүй энэхүү зохион байгуулалттай дайралт нь Европын онцгой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгах, агаарын тээвэрт зардал чирэгдэл, эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой холимог дайны тактикийн шинжийг агуулж байгаа аж.
Жич: холимог дайн гэдэг нь (hybrid warfare) гэдэг нь улс орныг эзлэх, эсвэл өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хяналтандаа оруулахын тулд уламжлалт цэргийн хүч хэрэглэхээс гадна цэргийн бус аргуудыг хослуулан хэрэглэдэг мөргөлдөөний хэлбэр юм
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.