🔴Ц.Бээжин: Оюутолгойн 34 хувьд ногдох 111 сая ширхэг хувьцааг 3.5 сая иргэндээ хувааж, хүн бүрд 30 ширхэг хувьцаа эзэмшүүлэх ёстой

AI хөрвүүлсэн
🔴Ц.Бээжин: Оюутолгойн 34 хувьд ногдох 111 сая ширхэг хувьцааг 3.5 сая иргэндээ хувааж, хүн бүрд 30 ширхэг хувьцаа эзэмшүүлэх ёстой

Сүүлийн үед нийгэм, улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол "Оюутолгой" ХХК-ийн ногдол ашиг, түүнийг хэрхэн зарцуулах тухай сэдэв болоод байна. Ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох, эсхүл эрчим хүчний томоохон төслүүдэд зарцуулах эсэх, түүнчлэн компанийн борлуулалт буурсан шалтгаанаар ногдол ашиг хуваарилах боломж хомстсон зэрэг олон талын байр суурь өрнөж буй энэ үед "Мянган найзууд" нэгдсэн хөдөлгөөний дэргэдэх "Байгалийн баялаг – Иргэдийн оролцоо" үндэсний хөдөлгөөний санаачлагчид болон судлаач, инженер Ц.Бээжин нар хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ.

Тус хөдөлгөөний зүгээс байгалийн баялгийг ард түмэнд тэгш, хүртээмжтэй хүргэх тухай Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн суурь үзэл баримтлалыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн хяналт, оролцоог хангах зорилготой ажиллаж буйг онцлов.

Ц.Бээжин: 

-Оюутолгойн ногдол ашгийн тухай ярихдаа юуны түрүүнд нэр томьёо, эрх зүйн үндсийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол Рио Тинтогийн хишиг ч биш, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд Т.Доржханд, эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэрэг улстөрчдийн халааснаасаа өгч буй цагаан сарын бэлэг биш юм. Компанийн тухай хууль болон олон улсын жишгийн дагуу ногдол ашиг гэдэг нь зөвхөн хувьцаагаар л баталгааждаг хууль ёсны санхүүгийн ойлголт мөн.

Одоо эрх баригчдын дунд яригдаж буй "иргэдэд 850–870 мянган төгрөг нэг удаа олгох" тухай асуудал нь өөрөө ногдол ашиг биш байна. Нэг удаа хэдэн төгрөг өгөөд, дараа жил нь юу ч үгүй өнгөрөөдөг байж таарахгүй. Хэрэв энэ мөнгийг хууль ёсны ногдол ашиг гэж үзэж байгаа бол юун түрүүнд иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх ёстой. Ингэснээр тухайн ногдол ашгийг хувьдаа авах уу, эсхүл Засгийн газрын санал болгоод буй эрчим хүчний 50 төсөлд хөрөнгө оруулж хуримтлуулах уу гэдэг нь тухайн хувьцаа эзэмшигч иргэний бүрэн эрхийн асуудал болно. Төр иргэдийн өмнөөс шийдэж, хөрөнгийг нь хүчээр булаах буюу дээрэмдэж болохгүй. 

2012 онд С.Батболдын Засгийн газрын үед иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлсэн боловч 2019 он хүртэл долоон жилийн турш ногдол ашиг олгоогүй явж ирсэн. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үед "Баялагтаа эзэн Монгол" уриан дор иргэдийн шаардлагаар ногдол ашгийг бодитоор олгож эхэлсэн бөгөөд одоо ч олгогдож байгаа. 

"Оюутолгой төсөл 2009 оноос хойш 17 жил үйл ажиллагаа явуулж, алт, зэсээ борлуулсаар байтал өнөөг хүртэл ногдол ашиг өгөөгүй. Дубайн гэрээ болон бусад олон улсын албан ёсны санхүүгийн баримтуудад Оюутолгойн 66 хувийг "Рио Тинто" тал 222 сая ширхэг хувьцаагаар, Монголын талын 34 хувийг 111 сая ширхэг хувьцаагаар эзэмшдэг нь баталгаажсан байдаг. "Эрдэнэс Монгол" болон түүний харьяа "Эрдэнэс Оюутолгой" компани өнөөдрийг хүртэл энэхүү 34 хувийнхаа 111 сая ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлд оруулаагүй хариуцлагагүй явж ирсэн байна.

Энэхүү 111 сая ширхэг хувьцааг Монгол Улсын 3.5 сая иргэндээ хувь тэнцүүлэн хуваахад нэг иргэнд яг 30 ширхэг хувьцаа ногдоно. Тоог нь чамлаж болохгүй. ЭТТ-н 1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөг буюу нийт үнэлгээ нь 1 сая төгрөг болдог бол ОТ-н 30 ширхэг хувьцаа нь одоогийн 2025 оны балансын үнэлгээгээрээ мөн ойролцоогоор 1 сая төгрөг болж байгаа юм. Ширхэг нь цөөн ч үнэлгээ өндөртэй. Тиймээс Засгийн газар болон УИХ-аас нэн яаралтай тогтоол шийдвэр гаргаж, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан 3.5 сая иргэнийхээ нэрийн дансанд Оюутолгойн 30 ширхэг хувьцааг бүртгэж баталгаажуулах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.