🔴ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид хураагдсан хар тамхийг буцаагаад худалдаалдаг гэдэг нь худал мэдээлэл

AI хөрвүүлсэн
🔴ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид хураагдсан хар тамхийг буцаагаад худалдаалдаг гэдэг нь худал мэдээлэл

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мөнгөн хөрөнгө битүүмжлэл, хар тамхины нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Батмөнх: 

-Дэлхий дахинд төдийгүй манай улсад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг тогтмол өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2021 онд нийт гэмт хэргийн 18 хувийг цахим гэмт хэрэг эзэлж байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 32.1 хувийг дангаараа эзлэх боллоо.

Сүүлийн жилүүдэд фишинг (phishing) төрлийн халдлагууд ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал, 'KFC', 'Pizza Hut'-ын хямдралтай худалдан авалт, арилжааны банкны урамшуулал нэрийдлээр холбоос явуулах, мөн төрийн албан хаагчийн нэрийг барьж тусгай дугаараас залгах 'voice phishing' хэлбэрийн залилан ихэсч байна. Цагдаагийн байгууллагаас эдгээрийг тухай бүр илрүүлэн, таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор олон улсын сайн туршлагыг судалж, Монголбанк болон Прокурорын байгууллагатай хамтран "Антискам" тогтолцоог нэвтрүүлсэн. Энэхүү тогтолцооны хүрээнд 2024–2026 оны хугацаанд нийт 30.1 тэрбум төгрөгийг гадаад улс руу гарахаас нь өмнө хамгаалж, битүүмжилж чадсан.

Залилах гэмт хэрэг маш богино хугацаанд үйлдэгдэж, хохирогчийн данснаас хэд хэдэн данс дамжин виртуал хөрөнгийн бирж, крипто хэтэвч рүү шилждэг. Иймд иргэд сэжигтэй гүйлгээ гарсан, залилуулсан даруйдаа цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандсанаар алдагдсан мөнгөн хөрөнгийг царцааж, хязгаарлах боломжтой гэв. 

Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: 

-Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 54,944 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 15,628 нь буюу гуравны нэг нь залилах гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн залилангийн хэргүүдээс 8,164 хэргийг илрүүлж (илрүүлэлт 53.7 хувь), 12,851 хэргийг буюу 82.2 хувийг нь шийдвэрлэсэн. Эдгээр гэмт хэргийн улмаас иргэдэд 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлээд байна.

Залилах гэмт хэрэг үйлдэгдэж буй үндсэн хэлбэрүүд:

  • Онлайн бараа, үйлчилгээ захиалга – 3,798 хэрэг,
  • Телеграм (Telegram) сүлжээгээр даалгавар биелүүлж ашиг олох нэрийдлээр залилах,
  • Ажилд оруулна, виз гаргана гэж мэхлэх,
  • Валют арилжаа, зээл чөлөөлөх нэрийдлээр мөнгө авах,
  • Бусдын өвчин зовлон, зургийг ашиглан хуурамч хандив тусламж нэхэх,
  • Бусдын цахим хаягт (фэйсбүүк) хууль бусаар нэвтэрч найз нөхөд, хамаатнуудаас нь мөнгө гуйх,
  • Тээврийн хэрэгслийн сэлбэг худалдаа нэрийдлээр мөнгө авах зэрэг байна.

Түүнчлэн олон хохирогчтой томоохон хэргүүдийн талаар дурдахдаа: "Урьд нь "Жи-Тайм" (G-Time)-тай холбоотой 11,389 хохирогчтой, 26.1 тэрбум төгрөгийн хохиролтой, мөн "Бэлтэс мөрөн"-гийн 45.7 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүд шалгагдаж байсан. Гэтэл иргэд богино хугацаанд мөнгөө өсгөх сэтгэхүйтэйгээс болж энэ төрлийн гэмт хэрэгт дахин дахин хохирсоор байна.

Тухайлбал, сүүлийн үед БНСУ-аас алтан эдлэл хямд оруулж ирнэ гэж 500 орчим иргэнийг залилсан хэрэг шалгагдаж байна. Мөн 'Сувдан хэлхээ' нэртэй фэйсбүүк хуудсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 30 хувийн хямдралтай нийлүүлнэ гэж өнөөдрийн байдлаар 312 иргэнээс 18.9 тэрбум төгрөг төвлөрүүлэн залилсан үйлдлийг Мөрдөн шалгах албанаас шалгаж байна. Эхний ээлжид цөөн иргэнд хямд барааг нь өгч итгэл олж аваад, дараа нь маш олон хүнээс мөнгө татан залилдаг схем давтагдаж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж: 

-Энэ оны аравдугаар сарын байдлаар 518 холбогдогчтой 455 гэмт хэргийг илрүүлж, 134,825 хүнд нэг удаагийн хэрэглээ болохуйц бодис буюу 6.6 тэрбум төгрөгийн хууль бус зах зээлийг таслан зогсоосон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 1.8 дахин, холбогдогч 1.4 дахин, хураагдсан бодисын хэмжээ 1.5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь иргэдээс гомдол гаргаж шалгагддаггүй, цагдаагийн алба хаагчид идэвх санаачилга, мөрдөн шалгах ажиллагаагаараа илрүүлдэг онцлогтой. Иймд тоон үзүүлэлт өсөж байгаа нь албаны илрүүлэлт сайжирч буйг илтгэнэ.

Олон улсын хэмжээнд гадаад нийлүүлэлтийн сувгийг таслан зогсоох чиглэлээр Интерполын "Улаан булант" зарын дагуу 7, "Хөх булант" зарын дагуу 13, нийт 20 этгээдийг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял эдэлж байгаагаас БНХАУ-д 29, БНСУ-д 8, ХБНГУ-д 2, ОХУ-д 1, Вьетнам, Япон, БНТУ-д тус бүр нэг иргэн байна.

Холбогдогчдын 85 хувийг 18–35 насны залуучууд эзэлж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 330 суманд зохион байгуулж дуусгалаа. 

Цагдаагийн алба хаагчид хураагдсан хар тамхийг буцаагаад худалдаалдаг гэх ташаа мэдээлэл гарсан. Манай албаны алба хаагч холбогдон шалгагдсан нэг ч тохиолдол байхгүй. Хураан авсан мансууруулах бодисыг дур мэдэн устгах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүх, Прокурор, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Цагдаагийн байгууллага гэсэн таван байгууллагын хамтарсан комисс тусгай журмын дагуу устгалыг гүйцэтгэдэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний болон төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд нийтийн албан тушаалтанд хамаардаг. Иргэд тэдэнд шүүмжлэл тавих эрх нээлттэй. Гэвч энэ нь хэрээс хэтэрч гүтгэх, доромжлох, заналхийлэх хэлбэрт шилжсэн тохиолдолд тухайн албан тушаалтан цагдаагийн байгууллагад гомдол гаргах хууль ёсны эрхтэй. 2023 оноос хойш цагдаагийн байгууллагад энэ төрлийн 21 гомдол мэдээлэл шалгагдсанаас одоогоор 12 хэрэг (10 хэрэг бүртгэлтийн, 2 мөрдөн байцаалтын хэрэг) прокурорын хяналт дор шалгагдаж байна.

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш. Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд цагдаагийн байгууллага хууль бусаар халдаагүй. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж байна. 2019 онд Дэлхийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос баталсан Сэтгүүлчдийн ёс зүйн тунхаглалд мэдээллийн үнэн бодит байдал, эх сурвалж, хувь хүний нууцтай холбоотой 16 зүйл заалт, 21 хориглох хязгаарлалтыг тусгасан байдаг. Энэ ёс зүй алдагдаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан эсэхийг л шалгаж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.