🔴Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг
Ардчилсан намын төлөөлөл Оюутолгойн ногдол ашиг, Засгийн газрын нууц хэлцэл болон төрийн тэргүүний хөрөнгө орлогын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс Оюутолгойтой холбоотой албан ёсны байр суурь тодорхойгүй байгааг онцлоод: "Энэ бүх нөхцөл байдлыг нэгтгээд үзэхэд 'Рио Тинто' компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт санал болгосон мөнгө нь байнгын ногдол ашиг биш, харин нэг удаагийн төлбөр байх өндөр магадлалтай байна. Хэрвээ нэг удаагийн төлбөр төлж байгаа бол нөгөө талд нь заавал хариу болгож авах зүйлээ тохиролцсон байж таарна. Энэ нь чухам юу вэ гэвэл, магадгүй цаана нь 'Энтрэ' (Entrée Resources)-гийн гэгдэх Оюутолгойн 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөц баялаг бүхий ордын лицензийг наймаалцах тохироо явж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Учир нь 'Рио Тинто' компани өнөөдрийг хүртэл албан ёсны вэбсайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ 'Монголын талд ногдол ашиг өгнө' гэж нэг ч өгүүлбэр мэдэгдээгүй. Харин 'Энтрэ'-тэй холбоотой гэрээ хэлэлцээрийн түвшин ахиж байгаа гэсэн л байр суурийг илэрхийлсэн. Тиймээс олон нийт, сэтгүүлчид үүнд илүү анхаарлаа хандуулах шаардлагатай байна" хэмээн мэдэгдлээ.
Мөн байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хуваарилах талаар: "Ер нь дэлхий нийтэд байгалийн баялгийн үр шимийг иргэддээ хүртээх арга замыг аль хэдийн тодорхойлсон байдаг. Энэ нь баялгийн сангаараа дамжуулан иргэдэд хувьцаа, өмч болгон эзэмшүүлэх, баялгийн санг арвижуулан өсгөж ирээдүй хойчдоо хуримтлуулах тогтолцоо юм. Энэхүү Баялгийн сангийн хуулийн төсөл Ардчилсан намын хувьд бэлэн болоод байна. Түүнчлэн Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар авлигажсан төсөв, төслүүдийг санхүүжүүлэх гэж байсныг АН өнгөрсөн хугацаанд тууштай эсэргүүцэж зогсоосон бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэхээр болж байгаа нь сайшаалтай" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн дагуу УИХ-д ажлын тайлангаа тавих ёстой
Мэдээллийн хоёр дахь сэдэв нь төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой эргэлзээтэй асуудал байв. АН-ын төлөөлөл: "Хэрэв Монгол Улсад хууль шүүхийн өмнө бүх иргэн тэгш эрхтэй байх ёстой юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудалд цэг тавих ёстой. Өнөөдөр хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд тодорхой хариулт өгөх үүрэгтэй. Бид ардчилсан, эрх зүйт төртэй улс мөн л юм бол хууль журмаа дагах учиртай.
Хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлын тайлангаа тавих ёстой. Төрийн тэргүүн УИХ-д тайлангаа тавьж байж л үйл ажиллагаанд нь олон нийт сайныг нь сайн, саарыг нь саар гэж бодитой үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ. Хуулийн өмнө төрийн тэргүүн байна уу, УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд адил тэгш байх ёстой. Тиймээс хууль шүүхийн байгууллагууд олон нийтийн эргэлзээ тээнэгэлзээг нэн даруй тайлах ёстой гэж үзэж байна.
Эдгээр эргэлзээтэй асуудлууд болон Оюутолгойтой холбоотой ойлгомжгүй байдлыг нийгэмд цацаж, утга учиргүй хэрүүл хэлэлцүүлэг үүсгэснээр төрд итгэх иргэдийн итгэл улам алдагдаж, ноцтой эрсдэл бий болж байна. Дахин хэлэхэд, Засгийн газар 'Рио Тинто' компанитай байгуулсан албан ёсны гэрээ хэлэлцээрээ ард иргэд болон УИХ-д бүрэн ил тод танилцуулах ёстой. Үүний цаана хууран мэхэлсэн, хуйвалдсан үйл ажиллагаа байх магадлал маш өндөр байна" гэдгийг цохон тэмдэглэв.
"Алаагүй баавгайн арьсыг хувааж, нийгмийг 2-3 сар бужигнууллаа"
АН-ын бүлгийн байр суурийг тодотгохдоо: "Олон нийт болон сэтгүүлчид Оюутолгойн ногдол ашгийн талаар манай намын байр суурийг тогтмол асууж байна. МАН-ынхан анх 'Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар боллоо' гэж сар гаруй хугацаанд шуугисан. Дараа нь тэрхүү 3 их наядынхаа 2 их наядыг төсөвтөө зарцуулна гэж оруулж ирэн шүүмжлэл дагуулсан. Үүнийхээ дараа төсвөөсөө хуулиа татаж аваад, 'Баялгийн сандаа үлдээнэ' хэмээн дахин бужигнууллаа. Төд удалгүй Ерөнхийлөгч мэдээлэл хийж энэ мөнгийг иргэдэд хувааж тараана гэхэд Засгийн газар ч хууль эрх зүйн орчноо өөрчилнө гэж дагасан боловч өнөөдөр буцаагаад 'хуулиа өөрчлөхгүй' гэж байна.
Ингэж Оюутолгойн ногдол ашиг нэртэй мөнгөн дүн болон сэдвээр сүүлийн 2-3 сарын турш нийгмийн оюун санааг төөрөгдүүллээ. Мөнгө тараах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, орж ирэх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдал үүсгэсэн нь тун харамсалтай. АН-ын бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан:
- Нэгдүгээрт, энэ нь бодит ногдол ашиг мөн эсэхийг гэрээ хэлцлийн болон эрх зүйн хувьд баталгаажуулах ёстой.
- Хоёрдугаарт, мөнгө орж ирэх тохиолдолд хамгийн түрүүнд Баялгийн санд төвлөрүүлэх учиртай. Үүний дараа иргэдийн санал бодлыг харгалзан зарцуулалтыг шийдэж болно.
Тиймээс АН-ын бүлэг уг мөнгийг одоогийн хууль эрх зүйн хүрээнд зөв зүйтэй хөрөнгө болгож оруулах эсэхийг олон талаас нь нягталж шалгаж байж байр сууриа илэрхийлнэ. Засгийн газар иргэдийн хүртэх ёстой мөнгийг төсөвт татаж зарцуулах гэж байсныг АН бүрэн таслан зогсоосон. Цаашид хөрөнгө орж ирвэл нийт иргэдийн саналыг хүндэтгэн шийдвэр гаргах бөгөөд хэлцэл хуулийн дагуу, бодитой байх ёстой гэдгийг олон эх сурвалжаар нягтална" гэв.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Сэтгүүлч: "Гадаадын компани өчигдөр дахин мэдэгдэл гаргасан байна. Лицензийн асуудлыг олон улсад зарлаж, хамтарсан компанийн нэр болон ордуудыг дурдаад, 'А' лицензийг шилжүүлж авах нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж мэдээлж байна. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Хоёр тал ажлын хэсэг байгуулсан сурагтай байгаа бөгөөд танай бүлгээс уг ажлын хэсэгт орох боломж бий юу? Засгийн газарт асуулга, албан шаардлага тавих уу?"
Хариулт: "Тийм ээ, бид Засгийн газарт албан ёсоор хандаж, энэхүү хууран мэхэлсэн шинжтэй, олон нийтээс нуун далдалсан байж болзошгүй хэлцлийг нэн даруй ил тод болгохыг шаардана. 'Рио Тинто' компанитай байгуулсан хэлцэл байгаа бол албан цаасаа гаргаж ир, хэрвээ хийсэн зүйл байхгүй бол үнэн бодит байдлаа ард түмэндээ нээлттэй зарла гэдэг шаардлага тавина.
Гаднын компани нь 'Монгол Улсад жил бүр ногдол ашиг өгнө' гэсэн ямар ч шийдвэр гаргаагүй байхад манайхан энд хэдийнэ мөнгө хуваах тухай яриад суудаг. Нөгөө талын нөхцөл байдлыг харахад энэ нь ердөө нэг удаагийн төлбөрийн шинжтэй байх магадлал тун өндөр байна. Хэрэв тэд нэг удаагийн төлбөр өгөх гэж байгаа бол хариу болгож 1 тэрбум хүрэхгүй ам.доллароор Оюутолгойн 30 хувьтай тэнцэх нөөц бүхий ордын лицензийн асуудлыг Засгийн газар, УИХ-аар шийдүүлэхээр тулгах эрсдэл бий боллоо. Тиймээс эдгээр бүх нууц хэлцлээ баримтаар нь ил болгохыг УИХ, Засгийн газраас шаардах болно. Хууран мэхэлсэн ийм байдлаар цааш удаан явж болохгүй."
Сэтгүүлч: "Ерөнхийлөгчийг УИХ-д тайлангаа тавих ёстой гэсэн дээр сөрөг хүчний зүгээс албан шаардлага хүргүүлэх үү?"
Хариулт: "Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа танилцуулж, байр сууриа албажуулна. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрх, үүрэгтэй байх учиртай. Төрийн тэргүүн ч гэсэн хуулиа сахиж, УИХ-д ажлын тайлангаа тавих ёстой. УИХ-д тайлангаа тавина гэдэг нь зөвхөн 126 гишүүнд биш, нийт ард түмэндээ ажлаа тайлагнаж байна гэсэн үг. Энэ хүрээнд яригдаж буй эргэлзээтэй асуудлууд, тухайлбал өөрийн хөрөнгө орлогоо нотлохоос эхлээд сүүлийн 6 жилийн хугацаанд улсын төсвөөс ихээхэн хөрөнгө зарцуулсан таван үндэсний хөтөлбөрийн санхүүжилт, тооцоо судалгаа, сурталчилгааны талаарх олон асуултад ил тод тайлан тавьж, хариулт өгөх ёстой. Хууль хяналтын байгууллагууд ч эдгээрийг бодитоор нягтлан шалгах ёстой гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.