“Какао Энтерпрайз” ШУТИС-тай хамтран “Клауд технологийн семинар” зохион байгуулав
“KOICA Platform ESG санаачилга” хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны клауд технологийн туршлага солилцох талбарыг нээж, Монгол Улсын төрийн байгууллага, мэдээллийн технологийн салбар болон эрдэм шинжилгээний 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

KOICA: Монгол Улсын клауд салбарын хөгжилд бодит түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна

БНСУ-ын “Какао Энтерпрайз” компани энэ сарын 5-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтарсан “Клауд технологийн семинар”-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь 2024 оноос эхлэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-тай гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “KOICA Platform ESG санаачилга” хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд болсон юм. Энэ удаагийн семинарт Монгол Улсын төрийн байгууллагын төлөөллүүд, IT салбарын мэргэжилтнүүд болон эрдэмтэн багш нар зэрэг 80 гаруй хүн нийт 8 салбар хуралдаанд оролцож, Монголын клауд болон дата төвийн салбарын цаашдын чиг хандлагын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний дата төвийн Технологи хариуцсан захирал Б.Даваапүрэв тус төвийн “нийтийн клауд”-д шилжих замын зургийг танилцуулсан бол “Какао Энтерпрайз”-ын IaaS суурь хөгжүүлэлтийн багийн менежер И Сын нэг серверт суурилсан туршилтын орчинд хиймэл оюунд түшиглэсэн клауд хөгжүүлэлтийн талаар илтгэл танилцуулсан юм. Хөгжүүлэлтийн багийн Менежер И Сын “Клауд дэд бүтэц нь API, виртуал сүлжээ, физик төхөөрөмж зэрэг олон түвшнийг хамардаг тул хөгжүүлэлт болон шалгалтын шат маш нарийн төвөгтэй байдаг. ‘Какао Клауд’ нь нэг серверт суурилсан хувьчилсан клауд орчинд хөгжүүлэгчид болон хиймэл оюуны агентууд бодит клауд үйл ажиллагааны орчинтой адилаар урьдчилан туршиж, найдвартай нэвтрүүлэх шийдлийг хэрэгжүүлж байна” хэмээн онцлов.

Үдээс хойших хуралдаанаар Монголын хувийн хэвшлийн клауд үйлчилгээний гамшгийн дараах сэргээлтийн сорилтууд, ирээдүйд чиглэсэн дижитал дэд бүтэц, клауд салбарын экосистемийг бүрдүүлэх сэдвүүдээр илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
ШУТИС-ийн захирал Т.Намнан “Бид ‘Какао Энтерпрайз’ компанитай хамтран “Edge” клаудын туршилтын орчныг байгуулж, клаудын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэснээр Монголын клауд экосистемийн суурийг бэхжүүлж чадлаа. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд чадавхжсан мэргэжилтнүүд манай улсын клауд салбарын ирээдүйн хөгжлийг түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
“Какао Энтерпрайз”-ын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Ким Тэ Хён “ШУТИС болон КОЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хуримтлуулсан клауд технологи, туршлагаа хуваалцах үнэ цэнтэй талбар боллоо. Энэхүү семинараар хэлэлцсэн ололт амжилтууд нь Монгол Улсын клауд салбарын хөгжилд бодит түлхэц болно гэдэгт найдаж байна” хэмээн тэмдэглэлээ.
КОЙКА-аас хэрэгжүүлж буй “KOICA Platform ESG санаачилга” нь байгаль орчин, нийгэм, засаглал болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг уялдуулсан төр, хувийн хэвшлийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ загвар юм. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжилд чиглэсэн үр дүнтэй хамтын ажиллагааны сүлжээг бий болгож, бодит эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.