Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрчээ
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын чанарын индекс огцом муудаж, зарим бүсэд аюултай буюу гамшгийн түвшинд хүрч нөхцөл байдал хүндэрчээ. Аравдугаар сарын сүүлээр 117 заалттай байсан үзүүлэлт богино хугацаанд 350-д хүрсэн нь сүүлийн 287 өдрийн хамгийн тааруу үзүүлэлтээр бүртгэгдсэн байна.
Агаарын чанарын индексийн ерөнхий дундаж 369-д хүрч, хүн амын эрүүл мэндэд онц аюултай ангилалд шилжсэн бол Жахангирпури зэрэг хяналтын цэгүүдэд 417-462, зарим үед оргил хэмжээ нь 510 хүртэл давжээ. Агаарын бохирдлын дийлэнх хувийг нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 эзэлж байгаа бөгөөд агаарын температур буурч, салхины хурд саарснаас шалтгаалан утаа нам дор газарт хуримтлагдах байгаль цаг уурын урвуу хамаарал үүсээд байна.
Хүрээлэн буй орчны яамны тооцоолсноор агаарын бохирдлын 23 хувийг авто тээврийн хэрэгслийн утаа, 20 орчим хувийг биомасс болон хөдөө аж ахуйн сүрэл шатаах үйл явц бүрдүүлж байна.
Дели хотын Байгаль орчны сайд Манжиндер Сингх Сирса нийт бохирдлын 60-65 хувь нь зэргэлдээх бүс нутгуудаас хамааралтайг мэдэгдсэн юм. Тухайлбал, зэргэлдээ Пенжаб мужид ганцхан өдрийн дотор 584 удаа талбайн сүрэл шатаасан тохиолдол бүртгэгдсэн нь нийслэлийн PM2.5 бохирдлын 15.6 хувийг бүрдүүлж, цаашид 19.2 хувь хүртэл өсөх төлөвтэй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Агаарын чанарын удирдлагын комисс хариу арга хэмжээний хоёрдугаар шатыг хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд тоосжилт ихээр үүсгэдэг барилга угсралт, нураалтын ажлыг түр зогсоож, тогтоосон дүүргүүдэд албан байгууллагуудын ажилтнуудын 50 хувийг зайнаас ажиллуулах журам мөрдүүлж байна. Түүнчлэн утааны үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд шатахуун олгохгүй байх хязгаарлалт тогтоож, 250 хорооны 609 км нарийн замын тоосыг зориулалтын техникээр шүүрдэж байна.
Агаарын чанар муудсаар байгаа ч Дээд шүүхээс баярын өдрүүдээр салют буудуулахыг бүрэн хориглохоос татгалзсан нь асуудлыг улам хурцатгаж байна. Үүний зэрэгцээ хяналтын станцууд дээр ус цацаж бодит тоог бууруулж харуулж байна гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд өрнөж байгаа тул цаашид хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын төвүүд болон Делигийн Технологийн хүрээлэнгийн шинжилгээний тусламжтайгаар бохирдлын голомтыг хянахаар зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.