🔴Г.Амартүвшин: Хотын дарга Б.Пүрэвдагва улс төрийн туршлагатай

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын гишүүн Г.Амартүвшин намын шинэчлэл, боловсон хүчний сэлгээ, нийслэл болон дүүргүүдийн бодлогын залгамж чанар, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Намын шинэчлэлийн тухайд үгүйсгэх зүйл байхгүй. Манай нам цаашаа байнга хувьсаж, өөрчлөгдөж байх ёстой. Шинэ залуу үе орж ирж, дараагийн бодлогыг гартаа авч, бодит ажил болгон хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хот маань хөгжлийнхөө дараагийн түвшинд шилжих ёстой бөгөөд өнөөдрийн үйл явц нь энэ шат руу орж буй явц юм гэв.

Нийслэлийн намын хорооны дарга нь хоёр дараалсан сонгуульд намаа удирдан оролцох хариуцлага хүлээдэг. Б.Пүрэвдагва даргын тухайд намын бүтцэд олон жил ажилласан, намын зохион байгуулалт, ажлын арга барилыг сайн мэддэг туршлагатай хүн. Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хотын асуудал болон сонгуулийн үйл явц түүний хувьд цоо шинэ зүйл биш. Бид баг бүрэлдэхүүнээрээ залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхой болгож тавибал дараа дараагийн сонгуулиудад ямар нэгэн асуудал гарахгүй гэж үзэж байна.

Сонгууль өөрөө цэвэр бодлогын өрсөлдөөн болж байна. МАН ч бай, АН ч бай аль ч улс төрийн хүчин хөгжлийн тодорхой бодлогоо ард иргэд, залуучууддаа танилцуулна. Иргэд, сонгогчид маань Улаанбаатар хот, дүүрэг цаашлаад Монгол Улсын хөгжлийн бодлогод үнэлэлт дүгнэлт өгч саналаа өгдөг болсон. 

Дүүрэг, хороо, нийслэлийн түвшинд хөгжлийн бодлого тасралтгүй хэрэгжээд явах нь зүйтэй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Мандуул орон сууцны дулаалга, сэргээгдэх эрчим хүч, тохижилт гээд олон чухал ажлыг амжилттай хийсэн. Одоо ажлыг хүлээн авсан З.Төмөртөөмөө дарга Чингэлтэй дүүргийн хөгжлийг дараагийн түвшинд гаргахаа мэдэгдэж, өмнөх бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэн аваад явна гэдгээ илэрхийлсэн. Нэг дарга солигдсоноор бүх бодлого, ажил өөрчлөгдөнө гэж ойлгож болохгүй. Удирдах албан тушаалтан солигдож болох ч төрийн бодлого, хөгжил дэвшлийн ажлууд хэвийн үргэлжилж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.