🔴Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны хомстол дээр дөрөөлөн улс төр хийж буй этгээдүүдийг олж тогтоох үүрэг өглөө

AI хөрвүүлсэн
🔴Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны хомстол дээр дөрөөлөн улс төр хийж буй этгээдүүдийг олж тогтоох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны хангамж, түгээлтийг хэвийн болгох асуудлаар хуралдаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

-Би Бүгд Найрамдах Киргиз Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзсан. Оросын тал энэ чиглэлд нэлээд хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Өөрсдийн дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч монгол анд нөхдийнхөө аюулгүй байдал, бензин шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ тохиролцооны дагуу зохих түвшинд ажлууд хийгдээд явж байна. Мэдээж зарим үед тодорхой хэмжээний тасалдал үүссэнийг үгүйсгэхгүй. Энэ нь Оросын дотоод асуудалтай холбоотой байсан. 

Засгийн газар ч хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бид томоохон түвшинд тохирсон учраас эхнээсээ нийлүүлэлт нь нэмэгдэж байгааг харж байгаа байх. Шаардлагатай гэвэл би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин ярихад бэлэн байна. 

Шатахууны хомстол дээр дөрөөлөн улс төр хийх оролдлого гарч байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэх гэсэн, иргэдийн зовлон дээр улс төр хийж, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна. Зарим нэг нөхөд ийм арга хэмжээ зохион байгуулах гэж оролдож байна гэсэн мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирсэн учраас би өнөөдөр энэ асуудлыг хөндөж байна. Хаана хууль бусаар гацаа үүсгээд, шатахуун түгээх ажилд улс төрийн зорилгоор садаа учруулаад байна вэ? Яагаад төр засаг, ард түмний хооронд хагарал үүсгэж, улс орныг тогтворгүй байдал руу түлхэх болов, хэн үүнийг зохион байгуулаад байна вэ гэдгийг тусгай албад олж тогтоох бүрэн боломж, бололцоо бий. 

Дэлхий нийтийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед өрхийн орлогыг хамгаалах, иргэдийнхээ амьдралд бодитой дэмжлэг болох ёстой. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.