Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд Японы талаас бүх талаар дэмжлэг үзүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн экологийн хохирол, түүний үр дагаврыг үнэлэх, байгалийн экосистемийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэ нь талуудын гурав дахь удаагийн уулзалт бөгөөд Японы талаас түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлж, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй тодорхойлон, хамтран ажиллахад анхаарч байгааг Элчин сайд Игавахара Масарү онцоллоо. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөл байдлыг судлан дүгнэхээр хээрийн судалгаанд ажилласан эрдэмтэн, судлаач, шинжээчдэд талархал илэрхийлж, экосистемийн сэргэн ургалт, нөхөн сэргээлтэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Цаашид хамтын ажиллагааг зөвхөн Нөмрөгийн ДЦГ-аар хязгаарлахгүйгээр байгаль орчны салбарт өргөжүүлэх, харилцаа холбооны салбарын технологи, дэд бүтцийн боломжийг ашиглан байгаль хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа онцоллоо.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын хуралдаан бүрээр холбогдох асуудлыг хэлэлцэн, шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд түймрийн нөхцөл байдал, учирсан хохирол болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлснийг дурдлаа.
Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн шалтгаан, нөхцөлтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, шалгалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандах шаардлагатайг цохон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.