🔴О.Саранчулуун: Нийслэлийн МАН хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ илүү анхаарч ажиллах ёстой
УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүртээмжийн асуудал болон намын дотоод уур амьсгал, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, орон даяар байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагч нар хүртээмжийн асуудал дээр дуу хоолойгоо өргөж, бодитой шийдвэр гаргуулах зорилгоор холбоо байгуулсан. Тийм учраас өнөөдрийн хуралд бусад хүмүүсийн дуу хоолойг анхааралтай хүргэхээр оролцож байна. Өмнөх болон одоогийн хотын дарга нартай аль алинтай нь хамтран ажиллаж ирсэн. Нийтийн тээврийн автобусны хүртээмж, зам талбайн асуудал зэрэг бодитой чиглэлүүд бий. Эдгээр асуудлуудаар зөвхөн миний гэхгүй, ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүгээс харж буй өөрийн гэсэн хүлээлт, шалгуур үзүүлэлтүүд (индикатор) байгаа юм.
Тэр чиглэлээр хамтран ажиллахаар эхлүүлсэн ажлууд байна. Жишээлбэл, 'E-Mongolia' системд 'Эрсдэл.мн' цэс орсон бөгөөд үүгээр дамжуулан саад бэрхшээлийг мэдээлэх боломж бүрдсэн. Хамгийн их хөгжлийн бэрхшээлтэй иргэд төвлөрсөн, бэртэл гэмтэл их гардаг газар нь Улаанбаатар хот тул энэ тал дээр маш их итгэж найдаж байна. Ер нь хийх ажил их бий. Хүлээгдэж буй үр дүнд хүрэхийн тулд харилцаа холбоо тогтоох, ярилцах, тогтмол уулзах, хамтарсан аян өрнүүлэх гээд олон ажлуудыг төлөвлөөд байна.
МАН-ын дотоод эв нэгдэл болон Хотын дарга Х.Нямбаатар даргын тухайд, эвлэрэл, хагарал гэдгийг хэмжиж, дүгнээд байдаг хүн би биш. Гэхдээ харахад төлөвлөсөн бүх ажлууд хэвийн явж байгаа. Нам дотор ажлыг юугаар хэмжиж харж байна вэ гэхээр нөгөө л хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчидтай холбоотой ажлуудыг хэрхэн хийж байгааг нь хардаг. Тиймээс харьцангуй тэр эвлэрэл, хагарал гээд байгаа зүйл надад мэдрэгдсэн юм алга. Энэ нь ер нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь асуудал байх гэж бодож байна. Олон жил улс төр хийгээд явчихсан хүмүүсийн хооронд ярих асуудал байдаг л байлгүй. Миний хувьд улс төрд ороод яг хоёр жил болж байгаа учраас тиймэрхүү дүгнэлт хийхэд арай эрт байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.