🔴П.Сайнзориг: Нийслэлийн засаг дарга хэрхэн ажилласныг иргэд л дүгнэнэ

AI хөрвүүлсэн

Нийслэлийн МАН-ын Бага хурал болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Нийслэлийн МАН-ын Бага хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ? Мөн өнгөрсөн хугацааны ажлын үр дүн болон дараагийн нэр дэвшигчийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

- Өнөөдрийн хурлаар хэд хэдэн асуудал шийдэх байх. Өмнөх дарга тайлангаа тавина, Хяналтын хороо ч тайлангаа тавих байх. Тэгээд шинэ даргыг сонгох үйл явц өрнөнө. Х.Нямбаатар дарга яг хэрхэн ажилласан бэ гэдгийг нийслэлийн иргэд мэдэж байгаа, өөрсдөө дүгнэх байх. Миний хувьд анх Засаг дарга болоход нь хамт бүрэлдэхүүнд нь ажиллаж байсан учраас юуг зорьж байсан, ямар нөхцөл байдалтай ажлыг хүлээж аваад богино хугацаанд ямар өөрчлөлтүүд хийсэн бэ гэдгийг сайн мэднэ. Зарим ажлуудаа харин дуусгаж амжсангүй, дөнгөж эхлээд явж байна. Энэ бүх ажлын хүрээнд нийслэл хотын иргэдээ аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, шинээр ажлын байр бий болгох, нийслэлд тулгамдаад байгаа дэд бүтцийн хомсдол, хоцрогдлыг л арилгая гэсэн товч тодорхой зорилтууд байсан юм.

Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан нь угаасаа ил тод байгаа, аж ахуйн ажил чинь нүдэн дээр харагддаг шүү дээ. Тэгэхээр үүнийг би элдэв янзаар тэгсэн, ингэсэн гэж яриад яах вэ. Иргэд, сонгогчид 2024 оны сонгуулиар нийслэлийг удирдаж орсон МАН-д ялалт, үр дүнг нь өгч, бодлого, үйл ажиллагааг нь дэмжсэн гэсэн үг. Шинэ дарга аж ахуйн ажилдаа хэдийн орчихсон байгаа. Одоо улс төрийн эрх мэдлийг нь хавсруулаад нэгмөсөн өгч байна. Хамгийн гол нь иргэд, сонгогчдодоо амласан мөрийн хөтөлбөр бий. Үүнийгээ л онцгойлон анхаарах ёстой.

- Цаашид МАН-ын бодлого ямар байх ёстой гэж харж байна вэ? Мөн өнөөдрийн хурлаар дүрмийн асуудлыг ч хэлэлцэнэ гэж байна?

- Бидний хувьд гол асуудал бол иргэдийн эрх ашиг. Шат шатны сонгууль, Ерөнхийлөгчийн ч юм уу, УИХ-ынх нь ч дууслаа. Тэгэхээр нэн тэргүүнд орон нутгийн сонгуулиар иргэдэд өгсөн амлалт чухал. Иргэд маш энгийн зүйлсийг л хүсэж байгаа. Орчны бохирдол, тэр дундаа агаар, дуу чимээний бохирдлыг стандарттай, хяналттай болгож, аль болох багасгахыг хүсэж байна. Гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн газар үнэ цэнтэй болж, эдийн засгийн эргэлтэд орон, буцаад байр орон сууцандаа орох боломжийг эрэлхийлж байна. Чөлөөлсөн газар дээр нь нийтийн зориулалттай дэд бүтцээс гадна орон сууцжуулалт хийгдэж, дараа дараагийн айл өрхүүд орох хэрэгтэй. Нийтийн тээвэр нь хүртээмжтэй, зам харгуй нь халтиргаа багатай байхыг л хүсэж байгаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй гайгүй болсон ч Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн байршилд асуудал байсаар байна. Тухайлбал, манай Сонгинохайрхан дүүрэгт цаашид 8-9 сургууль барьчихвал сургуулийн асуудал үндсэндээ цэгцрэх юм. Асуудлууд бага багаар шийдэгдэж байгаа ч иргэдийн тэргүүлэх чиглэлийн зүйлсийг бид анхаарах ёстой. Сонгууль угтаж улс төржихөөсөө илүүтэй хотын ажил бол цэвэр аж ахуйн ажил тул иргэдийн өдөр тутмын амьдралд гай болохгүйгээр энэ бүхнийг цэгцлээд явж байх учиртай.

- Х.Нямбаатар дарга долоо хоног бүр шууд дамжуулалт (лайв) хийж, “дэглэм тогтлоо” гэсэн агуулгатай мэдээлэл өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүмжлээд байгаа. Та хамтарч ажиллаж байсан хүний хувьд асуухад яг тийм дэглэм, дарамт байдаг байсан юм уу?

- Түүнийг нийгэм даяараа л харж байна. Би сүүлийн үед холбогдоогүй, уулзаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан лайвыг нь харах байх. Үнэн, мөнийг нь хууль хяналтын байгууллага л тогтооно. Би өөрөө хуульч хүн учраас баримт нотолгоогүй, хоосон зүйл дээр хаа хамаагүй дүгнэлт хийж чадахгүй. Энэ яригдаад байгаа асуудлуудыг холбогдох хууль хяналтын байгууллага л тогтоох учиртай. Бид мэдээллээ авч л байна. Сэтгүүл зүй ч үүн дээр ажиллаж, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг тогтоох боломжтой байх. Өнөөдрийн хуралд Х.Нямбаатар дарга цахимаар оролцоно гэсэн. Би түүнтэй өнгөрсөн наймдугаар сараас хойш биечилж уулзаагүй байна.

- Тэрбээр намын хорооны даргын албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танд тодорхой мэдээлэл байна уу?

- Тэрийг өчигдөр хэвлэлээс л харлаа. Өөртэй нь холбогдож асуугаагүй. Ямар ч байсан Нийслэлийн МАН-ын Бага хурал болно, намын даргаа өгнө гэсэн болохоос биш бусад асуудлаар та бүхэнтэй адил хэвлэлийн л мэдээлэлтэй байна. Ойрд УИХ-ын чуулган, санал хураалтууд гээд завгүй байлаа. Одоо хуралдаа ороод л нарийн мэдээллийг мэдье гэж бодож байна. Яг ямар хүсэлт өгснийг үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.