Nvidia корпорацийн ерөнхий захирлыг БНХАУ-ын талд ажилладаг байж магадгүй хэмээн шалгаж эхлэв
Nvidia корпорацын Төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Женсен Хуангийн хувийн харилцаатай холбоотой асуудлаар хараат бус мөрдөн шалгалт эхлүүлснээ зарлалаа.
АНУ-ын тагнуулын байгууллагаас БНХАУ-ын талд ажилладаг байж болзошгүй гэж сэжиглэж буй удирдах албан тушаалтан эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэдгээ Хуан өөрөө хүлээн зөвшөөрсний дараа уг шийдвэр гарчээ.
2026 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Женсен Хуан ажилтнууддаа хандан дотоод захидал илгээж, хувийн амьдралынхаа алдаанд уучлалт хүссэн байна. Тэрбээр гэргий болон үр хүүхдээ гомдоосон үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгдээд, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зарчмуудад үнэнч хэвээр байгаагаа илэрхийлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн шалгалтад бүрэн хамтран ажиллахаа амласан юм.
Мөрдөн шалгалтын ажиллагааг Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн хороо хөндлөнгийн хуулийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр удирдан явуулж байна.
Компанийн зүгээс гаргасан мэдэгдэлд Женсен Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон тухай хэвлэлээр цацагдсан мэдээллийн мөрөөр уг хяналтыг эхлүүлснийг тодотгожээ. Одоогийн байдлаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон Nvidia-ийн нууц задарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Хуан шалгалтын хугацаанд гүйцэтгэх захирлын албан тушаалаа хэвийн үргэлжлүүлэн хашиж байна.
Энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй нь Сингапурт төвтэй "Megaspeed" дата төвийн компанийн удирдах албан тушаалтан асан Алис Хуан буюу Хуан Лэ гэгч болох нь тодорхой болоод байгаа юм. Megaspeed компани нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Nvidia-аас 4.8 тэрбум гаруй ам.долларын чип худалдан авсан томоохон түншүүдийн нэг аж. АНУ-ын "The New York Times" болон "Financial Times" сонинуудын мэдээлснээр, Америкийн тусгай албаны нууц тайланд түүнийг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яаманд элссэн гэж үзэн, хиймэл оюуны дэвшилтэт тоног төхөөрөмжийн экспортын хязгаарлалтыг тойрон гарах үйл ажиллагаанд холбогдуулан тандалт хийж байжээ.
Хуангийн хувийн харилцааны талаарх мэдээлэл 2026 оны аравдугаар сарын сүүлчээс олон нийтэд цацагдаж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 6 гэхэд тусгай албадын шалгалтын нарийвчилсан мэдээлэл ил болсноор асуудал улам өргөжсөн билээ. АНУ-ын зүгээс БНХАУ-д нийлүүлэх дэвшилтэт хиймэл оюуны процессоруудад хатуу хяналт тавьж буй геополитикийн эмзэг цаг үед өрнөж буй энэхүү мөрдөн шалгалт нь дэлхийн технологийн салбарын анхаарлыг бүхэлд нь татаж байна.
Эх сурвалж:
• ft.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.