АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдахад шатахууны үнийн өсөлт нөлөөлжээ
АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болж, Техас, Огайо зэрэг гол мужуудын амбан захирагчийн суудлыг авснаар Бүгд найрамдах нам ялагдал хүлээлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа намынхаа ялагдлыг шатахууны үнийн огцом өсөлттэй холбон тайлбарласан байна.
Дональд Трамп сонгогчдын шийдвэрт цэргийн ажиллагаа бус, харин шатахууны үнэ голлох нөлөө үзүүлснийг онцолсон юм. Тэрбээр иргэд Иранд явуулж буй бодлогыг дэмжиж байгаа хэдий ч шатахуунд илүү их мөнгө зарцуулах богино хугацааны үр дагаврыг үүрэхийг хүсээгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ч Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй түлшний үнийн өсөлт санал хураалтын дүнд нөлөөлсөн гэв.
Эрчим хүчний үнийн өсөлт нь АНУ болон Израилийн зүгээс Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа, түүний улмаас дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20 гаруй хувь дамждаг Ормузын хоолойд саатал учирсантай холбоотой аж. Үүний нөлөөгөөр тус улсад ердийн бензиний үнэ нэг галлон тутамд өмнөх оноос 1.25 ам.доллароор буюу 29-36 хувиар нэмэгдэж 4.08-4.29 ам.долларт хүрсэн бол дизель түлшний ханш 75 хувиар огцом өсөж, 6.00-6.30 ам.долларыг давжээ.
Брауны их сургуулийн Ватсоны хүрээлэнгээс гаргасан тооцоогоор шатахууны энэхүү өсөлт хэрэглэгчдийн халааснаас нийт 100.9 тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргасан байна. Энэ нь нэг өрхөд дунджаар 770 ам.долларын санхүүгийн дарамт авчирсны 422 ам.долларыг зөвхөн суудлын автомашины бензиний зардал эзэлжээ. Өргөн хэрэглээний барааны инфляц болон шатахууны өндөр өртгийн улмаас сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн рейтинг түүхэн доод түвшинд дөхөж, Хэрэглэгчийн итгэлийн индекс огцом буурсан байна.
Конгрессын хоёр танхим хоёулаа сөрөг хүчин болох Ардчилсан намын хяналтад бүрэн шилжсэнээр Цагаан ордны засаг захиргаа хууль тогтоох түвшинд томоохон сөргөлдөөн, хатуу хяналт шалгалттай нүүр тулахаар болов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.