Дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Лабүбү хүүхэлдэйн эрэлт огцом буурчээ
Дэлхийн олон орны хэрэглэгчдийг байлдан дагуулж, тоглоомын зах зээлд хүчтэй шуугиан тарьж байсан "Лабүбү" (Labubu) хүүхэлдэйн борлуулалт болон нэр хүнд огцом уналтад орсныг олон улсын томоохон хэвлэлүүд мэдээллээ.
Бээжинд төвтэй "Поп Март" (Pop Mart) компанийн зах зээлд гаргадаг, үзүүртэй хурц шүдтэй мангасын дүртэй уг хүүхэлдэйн дэлхийн хэмжээний борлуулалт 2026 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс даруй 50 хувиар буурчээ. Ялангуяа АНУ-ын зах зээлд орлогын хэмжээ нь өмнөх оноос 70 хувиар огцом унасан нь энэхүү цуглуулгын давлагаа шувтарч буйг илтгэж байна.
Хүүхэлдэйн хэт хөөрөгдлийн золиос болсон цуглуулагчдын тод жишээ нь АНУ-ын Хойд Каролина муж дахь контент бүтээгч Энсито юм. Тэрбээр 2024 онд мэдээллийн технологийн салбарын ажлаа бүрмөсөн орхиж, зөвхөн Лабүбү цуглуулж, хайрцаг задлах бичлэг хийхэд бүх цагаа зориулжээ. Нийт 400 гаруй хүүхэлдэй худалдан авахдаа 50,000 гаруй ам.доллар зарцуулж, шинэ загварууд худалдаанд гарах бүрд Итали, Испани зэрэг улс руу аялж байв. Тэр ч байтугай хүүхэлдэйтэй ижил хэлбэртэй хиймэл араа шүд хийлгэн цугларалтуудад өмсдөг байсан бөгөөд одоо гаргасан зардалдаа ичиж буйгаа хүлээн зөвшөөрчээ. Түүний бичлэгүүд өмнө нь өндөр хандалт авдаг байсан бол өдгөө 10,000 үзэлтэд ч хүрэхээ больж, өөр төрлийн цуглуулга руу анхаарлаа хандуулахад хүрсэн байна.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан "Поп Март" компанийн хувьцааны ханш 2025 оны дээд үзүүлэлтээсээ хоёр дахин буурлаа. Лабүбүгийн нэр хүнд дээд цэгтээ хүрэх үед тус компанийн зах зээлийн үнэлгээ Америкийн тоглоомын акулууд болох "Хасбро" (Hasbro) болон "Маттел" (Mattel) компаниудын нийлбэр үнэлгээнээс ч давж гарч байв.
Гэвч эрэлт огцом татарснаар олон тооны тоглоом энгийн дэлгүүрийн лангуун дээр борлогдохгүй үлдэж, өмнө нь байсан ховор, үнэ цэнтэй байдал үгүй болсон нь компанийн санхүүд хүндээр туссан байна.
Зах зээлийн шинжээчдийн тайлбарлаж буйгаар эрэлтийн оргил үед нийлүүлэлтийг хэт ихэсгэж, олноор нь үйлдвэрлэсэн нь бүтээгдэхүүний сонирхол татах чанарыг устгажээ. Түүнчлэн Blackpink хамтлагийн Лиса болон Ким Кардашьян зэрэг алдартнуудын цахим сүлжээний түр зуурын тренд замхарч, хэрэглэгчид уг дүрд гүн сэтгэл хөдлөлөөр хандахаа больсон нь тодорхой болов. Цуглуулагчдын урсгал эдүгээ Sonny Angels, харанхуйд гэрэлтдэг Smiskis болон Miniso сүлжээ дэлгүүрийн оньсон хайрцагт бүтээгдэхүүнүүд рүү шилжиж байгаа нь трендэд суурилсан бизнесийн эрсдэлийг тод харуулж байна.
Эх сурвалж:
• skai.gr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.