“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд зургаан жил есөн сар хорих ял шийтгэлээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалан хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг үргэлжлүүлэн хийв.
Дээрх хоёр хүнд холбогдох 66 хавтас бүхий хэргийг тус шүүх 10 гаруй хоног хэлэлцсэний эцэст Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан “Ачит ихт” ХХК-д давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэм буруутайд тооцлоо. Уг үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил, үндэслэлгүй хөрөнгөжсөнд нь төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, мөн хугацаагаар, мөнгө угаасанд нь есөн сар хорих ял шийтгэв. Ингээд хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, зургаан жил есөн сарын хугацаагаар нээлттэй дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнээс 896.5 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор болсон.
Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ачит ихт” ХХК-иас 110.5 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгуулахаар шүүх шийдвэрлэв. Уг хохирол төлбөрийг гаргуулахын тулд Ц.Даваацэрэнгийн Худалдаа, хөгжлийн банканд хадгалж буй нэг сая гаруй ам.доллар, “Ачит ихт”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд асан П.Цагаан, хүү П.Мөнхтүвшин нарын эцсийн өмчлөлд бүртгэлтэй “Степпкупер” ХХК-ийн эзэмшлийн суудлын болон хүнд даацын автомашин, механизмууд, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний талбай, орон сууцууд, автозогсоолуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвэээр нь үлдээлээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ачит ихт” компанитай байгуулсан гэрээгээр 34.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан, тус үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” компанид шилжүүлж, үйлдвэрийн ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад “Хөрөнгө баланснаас хасах” тухай тушаал гаргаж, бусдад шилжүүлэн төрийн өмчид 64.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Мөн орон сууц борлуулсан гэх халхавч доор Хонконгийн оффшор бүсээр дамжуулан АНУ дахь аж ахуйн нэгж рүү 600 гаруй мянган ам.доллар шилжүүлж, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан юм.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ “Медипас” компанитай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирлоо “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.