Намдэмүн захын ороолтны худалдагч өвөрмөц арга барилаараа шуугиан тарьж байна
Өмнөд Солонгосын хамгийн эртний бөгөөд томоохон уламжлалт зах болох Сөүл хотын Намдэмүнд ороолт зарж буй нэгэн худалдаачин бараагаа худалдан авахгүй байхыг шаарддаг хачирхалтай арга барилаараа цахим орчинд шуугиан тарьж байна. Энэ хачирхалтай арга барил үр дүнгээ өгч, түүний жижиг лангууны өмнө өдөр бүр хэдэн зуун хүн дугаарлан зогсож, дугаарын хуудас аван нэг цаг гаруй хүлээх болжээ.
Худалдаачин бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчдад ятган борлуулахын оронд эсрэгээрээ худалдан авалт хийхгүй байхыг сануулдаг онцлогтой. Тэрбээр үйлчлүүлэгчдэдээ “Мөнгөө бүү үр”, “Энэ чамд зохихгүй”, “Худалдаж авсан ч гэртээ зүүхгүй” хэмээн хошигнодог байна. Түүнчлэн өөрийн бүтээгдэхүүнийг муу эд гэж тоглоом шоглоомоор нэрлэдэг аж. Зургаан ширхэг ороолтыг ердөө 10,000 вон буюу 6.80-7.00 орчим ам.доллароор хямд борлуулдаг энэхүү эсрэг сэтгэл зүйн тактик нь дунд насны эмэгтэйчүүд болон гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татжээ.
Худалдаачны үйлчлүүлэгчидтэй харилцаж буй хөгжилтэй бичлэгүүд TikTok, Instagram, YouTube сүлжээнд сая сая хандалт авчээ. Үүний зэрэгцээ түүний шинээр нээсэн Instagram хаяг богино хугацаанд 100,000 гаруй дагагчтай болсон байна. Тус улсын нэрт телевизийн хөтлөгч Жан Сон Гю түүнийг олон нийтийн өмнө сайшааж, өөрийн хамгийн их атаархаж буй хүнээр нэрлэсэн нь цахим давлагааг улам бүр өдөөжээ.
Захын нарийн гудамжинд өдөр бүр хэт олон хүн цугларч, явган хүний замыг хаан ойролцоох худалдаачдын үйл ажиллагаанд саад учруулсны улмаас 11 дүгээр сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс лангууг түр хугацаагаар хэд хэдэн удаа хааж, хувийн хамгаалалтын ажилтнуудыг хөлсөлсөн байна. Мөн Naver Smart Store платформд цахим худалдааны хуудас нээсэн бөгөөд 150-200 мянган хэрэглэгч нэвтэрч, бүх бараа нь хормын дотор бүрэн зарагджээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хэдий ч уг худалдаачин цахим нөлөөлөгч болох, эсвэл нэр хүндээ ашиглан баяжих ямар ч хүсэлгүй байгаагаа харуулсаар байна. Тухайлбал, олон улсын CNN агентлагийн сурвалжлах баг түүнээс ярилцлага авахаар гурван өдөр дараалан очсон боловч тэрбээр инээмсэглэн татгалзжээ. Алдар нэрийн араас хөөцөлдөөгүй энэхүү эгэл даруу, бодит байдал нь үйлчлүүлэгчдийн хүндэтгэлийг улам бүр төрүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.