Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцөлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, “Дөмөг хүнс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг шалгалаа.
Энэ үеэр өвөл, хаврын улирлын хүнсний хангамж, нөөц бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Засгийн газраас хүнсний хомсдол болон үнийн хэт өсөлтөөс сэргийлэх зорилгоор энэ оны төсвийн тодотголд 120 тэрбум төгрөгийг тусгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөцлөх шийдвэр гаргасан юм.
Төмс, хүнсний ногооны нөөц 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна
Стратегийн улаанбуудайн нөөцийг бүрдүүлсэн. 2026 оны намрын ургацаас нийт 12 мянган тонн төмс, хүнсний ногоо бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130.0 тонн буюу 92.8 хувийн гүйцэтгэлтэйгээр нөөц бүрдүүлээд байна. Үүнээс 3,570.0 тонныг Улаанбаатар хот дахь агуулахад, 7,560.0 тонныг орон нутаг дахь тариаланчдын стандартын шаардлага хангасан зооринд хүлээн аваад байна. Энэ нь намрын ургац хураалтын үеэр ногоочдын борлуулалтыг бодитоор дэмжиж, хаврын улиралд үнэ хөөрөгдөх эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтойг салбарын сайд онцлов.
Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцөлж байна
Өнгөрсөн хавар зарим аж ахуйн нэгж махыг орон нутгаас бус захаас бөөндөн авсан, бэлтгэсэн махаа зах зээлд бүрэн нийлүүлээгүй зэрэг алдаа гарсныг давтахгүйн тулд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж буйг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэлээ. Засгийн газрын тогтоолоор 2027 оны хаврын хэрэгцээнд зориулж нийслэлд 15–20 мянган тонн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийг гурван эх үүсвэрээр шийдвэрлэж байна.
Тодруулбал, арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр 13 аж ахуйн нэгжид 86.7 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдаж, 4,422.9 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан бол өөрийн хөрөнгөөр 4 аж ахуйн нэгж 1,580.0 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Ийнхүү нийт 17 аж ахуйн нэгж 6,002.9 тонн мах бэлтгэхээр ажиллаж байгаагаас одоогоор 3,091.0 тонныг агуулахад татан төвлөрүүлж, зээлийн гэрээт үүргийн гүйцэтгэл 69.8 хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр мах бэлтгэж “Дөмөг хүнс” ХХК-ийн агуулахад очиход гэрээнд заасан 510.2 тонн махыг бүрэн татан төвлөрүүлсэн байна. Түүнчлэн бондын эх үүсвэрээр 6 аж ахуйн нэгж 4,800.0 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 10,802.9 тонн нөөцийн мах бүрдүүлэх боломж бүрдээд байна.
Орон нутгийн удирдлагууд нөөцийн махаа цаг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай
Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг малчдын гар дээрээс шууд бэлтгэх, арилжааны банкуудын хөнгөлөлттэй эх үүсвэрээр дэмжих, түгээлт болон борлуулалтын шат дамжлага бүрийг ил тод, хатуу хяналттай зохион байгуулахыг салбар яам болон ХХААХҮЯ болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Мөн аймаг, сумдын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийнхаа нөөцийн махыг цаг алдалгүй бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай хүнсээр тасралтгүй хангах үүргээ бүрэн биелүүлж ажиллах шаардлагатайг сануулж, шахаж хариуцлагажуулж ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.