Волгоград дахь газрын тос боловсруулах үйлдвэр дроны дайралтад өртөж дөрвөн хүн амиа алджээ
ОХУ-ын Волгоград мужийн өмнөд хэсэг дэх аж үйлдвэрийн бүсэд Украины талаас нисгэгчгүй онгоцоор цохилт өгсний улмаас дөрвөн ажилтан амиа алдаж, хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар тус мужийн захирагч мэдээллээ. Халдлагад Оросын газрын тос боловсруулах хамгийн том арван байгууламжийн нэг болох "Лукойл-Волгограднефтепереработка" үйлдвэр өртсөн бөгөөд цохилтын дараа тус байгууламжид түймэр гарсан байна.
Уг цохилтын дараа Волгоград хотод түлшний хомстол үүсэж болзошгүй гэх болгоомжлол бий болж, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн байна. Үүнээс гадна тус хотын ойролцоох Светлый Яр тосгонд агаарт сөнөөгдсөн дроны сэг унаснаас таван давхар орон сууцны гурван байр болон залуучуудын төвийн цонх, тагт эвдэрч сүйдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, агаарын довтолгооноос хамгаалах хүчин оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цагийн хооронд Украины далавчит 1,198 нисгэгчгүй төхөөрөмжийг устгаж, саатуулсан аж.
Түүнчлэн Ростов мужид 120 гаруй нисгэгчгүй төхөөрөмжийг агаарт устгасан ч орон сууц болон аж үйлдвэрийн байгууламж өртөж, нэг хүн бэртсэн тухай тус мужийн захирагч мэдээллээ. Украины цохилтууд нь дайсны талын цэргийн логистикийг тасалдуулах, газрын тосны экспортын орлогыг бууруулах зорилгоор эрчим хүчний дэд бүтцийг онилж буй тактикийн илрэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.