🔴З.Мэндсайхан: Засгийн газар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, татварын чөлөөлөлтөөр дэмжинэ

AI хөрвүүлсэн
🔴З.Мэндсайхан: Засгийн газар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, татварын чөлөөлөлтөөр дэмжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-Улсын төсөв бол айл өрхийн орлого, ахмадуудын тэтгэвэр, хүүхдүүдийн боловсрол, иргэдийн эрүүл мэнд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн боломжтой шууд холбоотой шийдвэр юм. Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн боломжийг тэлэх, улмаар энэхүү эдийн засгийн өсөлтийг иргэн бүрдээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулсан. 

Ирэх онд иргэдийнхээ орлогыг хамгаалж нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох, бизнесээ дэмжих, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам, орон сууцжуулалт зэрэг дэд бүтцийн салбаруудыг онцгойлон дэмжихээр төсөвт тусгасан. 

Иргэдийн орлогыг хамгаалах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Ахмадуудын тэтгэвэр: 2026 оны төсвийн тодотголоор тэтгэврийг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дахин 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд ахмадуудын дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
  • Төрийн албан хаагчдын цалин: Сая 11 дүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмэгдүүлж боловсролын салбарынхтай тэнцүүлсэн бол төрийн үйлчилгээний салбарынхныг 50 хувиар нэмэгдүүлсэн. Тэгвэл 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн нийт албан хаагчдын цалинг дахин 10 хувиар, түүн дээр төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг УИХ баталлаа. Түүнчлэн цалингийн сүлжээг 10 хувиар нэмэгдүүлнэ.
  • Нийгмийн халамж, тэтгэмж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмж 600 мянган төгрөгт хүргэлээ. Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянгад хүргэж байгаа бол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөг болгож байна.
  • Татварын дарамтыг бууруулах нь: Иргэдийн орлогыг зөвхөн цалингаар бус татварын бодлогоор дэмжинэ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүн амын орлогын албан татварын (ХАОАТ) багц хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа 1 сая орчим иргэний 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогоос авах татварыг чөлөөлж өгч байна. Ингэснээр иргэн бүрийн хэтэвчинд жилдээ 950 мянган төгрөг татвараас хөнгөлөгдөн үлдэнэ.

Боловсролын салбарт өмнөх жилүүдээс хамгийн өндөр буюу нийт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөв. Энэ хүрээнд:

  • Нийт 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжихээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрыг шинээр барьж байгуулна. Ингэснээр сургуулийн ачаалал буурч, хүүхдүүд гэртээ ойр, ая тухтай орчинд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдэнэ.
  • Бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулиудын дотуур байруудыг шинээр барина.
  • Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 194 тэрбум төгрөг нэмж тусгалаа. Өмнө нь 1-5 дугаар ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг байсан бол материалын зардлыг нь 2 дахин нэмэгдүүлж, хамрах хүрээг 1-7 дугаар анги болгон өргөтгөв. Үүний үр дүнд хүүхдийн хоол хүнсний чанар, шим тэжээл бодитоор сайжирна.

Эрүүл мэндийн салбар болон эмийн хөнгөлөлт:

Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ. Тухайлбал, Зүрх судасны үндэсний төв, Эд, эс, эрхтэн шилжүүлэх төв, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон ажлууд үргэлжлэх юм. Барилга байгууламжийг барихаас гадна орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зардлыг төсөвт бүрэн суулгажээ.

Нэн чухал шийдвэр нь ахмад настнууд болон зорилтот бүлгийн иргэдийн өдөр тутам хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижин өвчний эмийг улсын төсвөөс 100 хувь бүрэн даахаар боллоо. Ингэснээр ахмадууд маань эмийн зардлаа халааснаасаа төлөх шаардлагагүй болж байна.

Бизнес эрхлэгчдийн татварын болон санхүүгийн дарамтыг бууруулах чиглэлээр дараах өөрчлөлтүүд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ:

  • Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувийн татвар төлөх боломжийг олгоно.
  • 6-10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүдээс авдаг 25 хувийн татварын хувь хэмжээг бууруулж 15 хувь болгоно.
  • НӨАТ төлөгчийн босго хэмжээ 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон өсгөлөө.
  • Гарааны бизнесийг (стартап) дэмжиж, эхний 3 жилд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлнө.
  • Жижиг, дунд болон үйлчилгээний бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төрийн банкаар дамжуулан жилийн 10 хувийн хүүтэй, нийт 1.1 их наяд төгрөгийн зээлийг гаргана. Иргэнд 100 сая, ААН-д 300 сая төгрөг хүртэлх зээл олгохоор шийдвэрлэлээ.
  • Түүнчлэн экспортын гол салбар болох уул уурхайн бүтээгдэхүүний өртгийг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 3 жилийн хугацаатайгаар цахилгаан автомашин, механизм, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж (нарны панел, ногоон өртөө), тэр дундаа уул уурхайн цахилгаан машин механизмын онцгой болон гаалийн татварыг бүрэн чөлөөлөхөөр боллоо.

Дэд бүтэц, авто зам, эрчим хүчний бүтээн байгуулалт:

Дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, улсын төсөв болон бусад хөрөнгө оруулалтыг нийлүүлээд нийт 11 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд 4 орчим их наяд төгрөг зарцуулахаар тусгасан бөгөөд үүний 435 нь шинээр эхлэх төслүүд юм. Эдгээрийг 5000 орчим ААН гүйцэтгэснээр ажлын байр хадгалагдаж, туслан гүйцэтгэх, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх замаар хувийн хэвшилд эдийн засгийн өгөөж бодитоор хүрнэ.

  • Авто зам: Авто замын сүлжээг 1,375 км-ээр нэмэгдүүлнэ. Увс-Ховд, Говь-Алтай-Завханыг холбох зам болон Завханы Идэрээс Хөвсгөл аймаг чиглэлийн аялал жуулчлалын замын ажлууд хийгдэнэ.
  • Эрчим хүч: Нийт 39 том төсөл хэрэгжихээс системийн гол дутагдал болсон ТЭЦ-5, ТЭЦ-6 станцуудыг барьж байгуулах ажлыг 2027 онд эхлүүлж дуусгана.
  • Боомтууд: Экспортын гарцыг өргөтгөх Цагаандэл-Уул, Бичигт, Хавирга, Булган, Цагааннуур гэсэн 5 боомтын шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлж, заримыг нь шинээр эхлүүлнэ.
  • Боловсруулах үйлдвэр: Түүхий эд экспортлогч боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд Ховд аймаг дахь баруун бүсийн логистикийн төв, Үйлдвэр технологийн паркад суурилсан арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг төсөвт тусган эхлүүлэхээр боллоо.

Орон сууцжуулалт ба ипотекийн шинэ багц:

Иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болох орон сууцжуулалтыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.8 их наяд төгрөгийн ипотекийн санхүүжилтийг гаргахаар боллоо. Ингэснээр 2027 онд 16 орчим мянган өрх ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болох юм. Энэ хүрээнд эхний 3 жилд 6 хувийн хүүтэй, 4 дэх жилээс 12 хувийн хүүтэй байх ипотекийн шинэ багц бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ нь Засгийн газрын 2030 он гэхэд 100 мянган айлыг орон сууцаар хангах зорилттой шууд уялдаж байгаа юм.

Орон нутаг ба төрийн өмчийн засаглалын шинэчлэл:

Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) 50 хувийг иргэдийн саналд тулгуурлан, үлдсэн 50 хувийг орон нутгийн чухал хэрэгцээнд зарцуулахаар хуваарилав.

Түүнчлэн Төрийн өмчит компаниудын (ТӨК) үр ашиг, хариуцлагыг эрс сайжруулна. ТӨК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон бүх гүйцэтгэх захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно. Мөн хуваарилж болох цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг хэлбэрээр төсөвт хуваарилдаг болгосноор төрийн өмчийн өгөөж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

Төсвийн орлогын баталгаа ба эрсдэл:

Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн орлогын талаар тодруулахдаа “Ирэх оны төсвийн орлогыг уул уурхайн салбарын бодит боломж болон макро эдийн засгийн төсөөлөлтэй нягт уялдуулан тооцсон. Тухайлбал, ирэх онд Гашуунсухайтын төмөр замын холболт ашиглалтад орно. Ингэснээр тус боомтоор жилд 20-30 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн нэмж экспортлох боломж бүрдэж байна. Тиймээс бид 2027 оны төсвийг бүрэн хэрэгжүүлэх орлого, зарлагын хэмжээг бодитоор төлөвлөж чадсан.

Засгийн газар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, татварын чөлөөлөлтөөр дэмжинэ. Хаврын чуулганаар хийсэн татварын болон нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэл ийнхүү бүрэн утгаараа амьдралд хэрэгжиж эхэлнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.