Орон сууц дахин төлөвлөх нэрээр луйвардсан монгол, солонгос иргэдийг шүүхэд шилжүүлэв
Өмнөд Солонгосын харьяат Юүн Жаефил, манай улсын иргэн Г.Баярсайхан нар хамтран орон сууцын дахин төлөвлөлтийн хүрээнд барих барилгад хөрөнгө оруулах нэрээр залилсан хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Тэд Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцуудыг нурааж, шинээр барих төслийн нэрээр барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэцү дэлгэрэх бийлдинг” ХХК-ийн удирдлагыг залилсан хэрэгт холбогдсон байна. Юүн Жаефил, Г.Баярсайхан нар “Тус бүр нь 16 давхар, долоон блок буюу 1120 айлын орон сууцын төсөл хамтарч хэрэгжүүлье. Шаардлагатай санхүүжилт 100 сая ам.долларыг бид гаргана, Арабаас шаардлагатай санхүүжилтийг авахад 110 мянган ам.доллар” хэрэгтэй гэж “Тэцү дэлгэрэх бийлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шинэхүүд итгүүлсэн гэнэ.
Улмаар 2021 онд хөрөнгө оруулалт, зээлийн гэрээ байгуулж, хохирогчоо дагуулан Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу дагуулан явах зэргээр төөрөгдүүлж, нийт 865.4 сая төгрөг залилан авсан хэрэгт буруутгагдаж буй аж. НПГ-аас Юүн Жаефил, Г.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсгийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр дээрх шүүхэд хүргүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.