🔴Ж.Энхбаяр: Батлан хамгаалахын сайдаар хэнийг тавих нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

AI хөрвүүлсэн
🔴Ж.Энхбаяр: Батлан хамгаалахын сайдаар хэнийг тавих нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал болон Батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэх, танхимдаа сэлгээ хийх, бүтцийн зохион байгуулалтыг өөрчлөх онцгой бүрэн эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх учир тухайн асуудлыг Ерөнхий сайдаас асуух нь зүйтэй. Миний хувьд Засгийн газар дээр энэ талаар яригдсан албан ёсны мэдээлэл байхгүй. Ерөнхий сайдад өөрийн гэсэн бодлого бий. Тэр хүн бодлогоо танилцуулж, асуудал цааш үргэлжлэх байх. 

Батлан хамгаалахын сайд их л сайн хичээж ажилласан. Бүх цэргийн анги, салбаруудаар биечлэн орж танилцлаа. Зэвсэгт хүчинд тулгамдаж байсан асуудлуудад нэлээд онцгой анхаарсан. Ялангуяа шинэ цэрэг таталт, цэргийн алба хаагчдын соёл хүмүүжлийн ажил, нийт иргэдэд чиглэсэн эх оронч хүмүүжлийн арга хэмжээнүүдийг бүх 21 аймгийн хэмжээнд арми сурталчлах хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Батлан хамгаалах салбар бол хаа хамаагүй хөндөөд байдаггүй, улс орны хамгийн чухал тулгуур салбар. Өнөөдөр дэлхийн бүх улс орнууд батлан хамгаалах чадавхдаа онцгой анхаарч, үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Монгол Улс ч мөн тус салбартаа анхаарал хандуулж, бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Үүнийг цаашид улам эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий. Гадаад орчны огцом өөрчлөлтүүд манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс Монгол Улс аль болох хохирол багатай байж, ирэх цаг үед улс орноо батлан хамгаалахад бүх ард түмнээрээ бэлэн байх учиртай. Энэ цаг үед батлан хамгаалах салбарын бодлого, асуудал урьд өмнөхөөсөө ч илүү онцгой сэдэв болж тавигдана. Ийм нөхцөл байдалд сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.