Хүннү хот болон Чингис хаан ОУНОБ-ыг үерийн эрсдэлээс хамгаалах дөрвөн томоохон суваг байгуулж байна
Хүннү хотын нутаг дэвсгэрийг үер, усны эрсдэлээс хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын сувгуудыг барьж байгуулж байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн томоохон үерийн хамгаалалтын суваг байгуулахаас "Хангилцаг" ХХК-ийн гүйцэтгэсэн дөрөвдүгээр сувгийн барилгын ажлыг хийж дуусган, Улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулжээ.

“Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн барилгын инженер Н.Ууганбаяр “Усны барилга байгууламжийн судалгаагаар Хүннү хотын нутаг дэвсгэрт нийт 15 томоохон сайр, гуу жалга байгааг тогтоосон байдаг. Эдгээр сайрын усны урсацыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор дөрвөн үндсэн чиглэлд үерийн хамгаалалтын суваг байгуулах зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд дөрөвдүгээр сувгийг ашиглалтад оруулаад байна. Харин нэгдүгээр сувгийн барилгын ажлыг “Комфорт-Импэкс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 6.3 км орчим урт үерийн хамгаалалтын далан, суваг барьсан. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа бөгөөд 2026 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Үерийн хамгаалалтын сувгууд ашиглалтад орсноор Хүннү хотын нутаг дэвсгэр болон Чингис хаан ОУНОБ-ыг үер, усны болзошгүй эрсдэлээс хамгаалах, бороо хурын усыг зохистой урсгалаар зайлуулах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр хотын инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, цаашдын хот байгуулалтын тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.