Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулна

Төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл арга хэмжээнд аудитын дүгнэлт гаргуулна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол баталсантай холбогдуулан төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг НИТХ-ын дарга Д.Ихбаяр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл болгов. Тухайлбал, үр дүнд суурилсан төсөвлөлтийн тогтолцоонд үе шаттай шилжих ажлын төлөвлөгөө боловсруулж, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, төсвийн орлогын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, орлогын бааз суурийг өргөжүүлэх, өр авлагыг барагдуулах, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлага, хяналтыг сайжруулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад даалгалаа. 

- Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл, үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө суурь судалгаа, төслийн бэлэн байдал, санхүүжилтийн эх үүсвэр, схемийг төсвийн бодлого болон Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын стратеги төлөвлөгөөтэй уялдуулах; 

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад шинээр тусгах төсөл, арга хэмжээнд техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрэн хангасан байх шаардлагыг мөрдөж ажиллах; 

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өмнөх орнуудад хэрэгжиж эхэлсэн, магадлалын ерөнхий дүгнэлтээр төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл, арга хэмжээний өртөг өссөн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, үндэслэлийг судалж, эрх бүхий байгууллагатай хамтран аудитын дүгнэлт гаргуулах, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг НИТХ-д танилцуулах;

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн өмчид тухай бүр бүртгэх; 

-Гадаадын зээл, тусламж болон дамжуулан зээлийн ашиглалтыг сайжруулах, зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүдийн үр дүнд бий болсон хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллагын бүртгэлд тусгах, зээлийн өр төлбөрийг гэрээний дагуу эргэн төлөх эх үүсвэрийг тухайн жилийн төсөвт тусгах;

-Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдэд оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн бүртгэх, эдгээр байгууллагын засаглал, менежментийг сайжруулах, үйл ажиллагаа, чиг үүргийн давхардал, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, санхүүгийн сахилга батыг дээшлүүлж, зардлыг бууруулах асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх;

-Судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай хуулийн этгээдийг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах; 

-Мега төслүүдийг Монгол Улс болон нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, засаглал, санхүүжилт, хяналтын механизмыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, төслийн бэлэн байдлыг тодорхойлсны үндсэн дээр хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.