АНУ ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар түүхэн дэх анхны гурван талт уулзалтаа хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2026 оны 11 дүгээр сарын 19-ний пүрэв гаргийн өдөр БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд түүхэнд анх удаа гурван талт уулзалт хийхээр тохиролцлоо. Цөмийн зэвсэг бүхий дэлхийн их гүрнүүдийн төрийн тэргүүн нар нэг ширээний ард хамтдаа суух гэж буй энэхүү уулзалтын товыг Цагаан ордон болон Кремлийн төлөөлөгчид албан ёсоор баталгаажуулсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливия Уэльс уг уулзалт товлогдсон тухай мэдээлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа талууд 11 дүгээр сарын 19-ний өдрийн уулзалтыг тохиролцсоныг нотоллоо. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ажлын зоог барьж, хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Харин Дональд Трамп, Владимир Путин нарын хооронд тусдаа хоёр талт уулзалт хийхээр төлөвлөгдөөгүй бөгөөд Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж буй Илон Маск уг гурван талт хэлэлцээнд оролцохгүй болохыг эх сурвалж тодотгов.
Уулзалтын гол сэдэв нь дэлхий даяарх цөмийн зэвсгийн нөөцийг бууруулах болон зэвсэглэлд хяналт тавих асуудалд төвлөрөх төлөвтэй байна. АНУ болон ОХУ-ын хооронд мөрдөгдөж байсан сүүлчийн томоохон гэрээ болох "New START" 2026 оны хоёрдугаар сард хугацаа нь дууссан тул Дональд Трамп ОХУ болон цөмийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж буй БНХАУ-ыг багтаасан шинэ хэлэлцээний эхлэлийг тавихыг зорьж байна. Мөн АНУ-ын засаг захиргааны албаны хүний мэдээлснээр Ираны эргэн тойрон дахь мөргөлдөөний сэдвийг энэхүү уулзалтаар хөндөхөөр төлөвлөжээ.
Харин Украины дайны асуудал тус гурван талт уулзалтын хэлэлцэх асуудалд ороогүй байна. АНУ нь Орос болон Украины хооронд энхийн хэлэлцээ өрнүүлэх өөр дипломат сувгаар ажиллаж байгаа бөгөөд тэрхүү сувагт БНХАУ шууд оролцоогүй тул Шэньжэний уулзалтаар Украины сэдвийг ярихгүй байхаар тогтжээ. Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киевийн оролцоогүйгээр тус улсын ирээдүйг шийдвэрлэх яриа хэлэлцээ хийх вий гэдэгт болгоомжлол илэрхийлж байсан юм.
АНУ-ын албаны хүмүүсийн үзэж буйгаар дээд хэмжээний уулзалтаас шууд бэлэн баримт бичиг, томоохон гэрээ батлагдах хүлээлтгүй байгаа бөгөөд энэ нь их гүрнүүдийн яриа хэлэлцээг эхлүүлэх гарааны цэг болох ажээ. Дэлхийн тэргүүлэх гурван гүрний удирдагчид нүүр тулан уулзаж байгаа нь олон улсын аюулгүй байдал болон стратегийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх эхний алхам болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.