Европын Холбоо Украинд 45 тэрбум еврогийн зээл олгохоор санал болголоо
Европын Комисс дайны зардлыг санхүүжүүлэх болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Украинд 2027 онд 45 тэрбум евро буюу 49.5 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгох хуулийн төслийг танилцууллаа.
Оросын цэргийн ажиллагааны улмаас учирсан дэд бүтцийн хохирол, худалдааны саатал болон дайны зардал өссөнтэй холбоотойгоор Украинд 2027 онд нийт 70 тэрбум еврогийн санхүүжилт шаардлагатай байгааг ерөнхийлөгч Володимир Зеленський Европын удирдагчдад өмнө нь танилцуулсан юм. Санал болгож буй шинэ багц нь нийт дутагдлын гуравны хоёр орчим хувийг хаах бөгөөд үлдсэн хэсгийг Их Долоогийн (G7) гишүүн орнууд болон бусад олон улсын түншүүд гаргана гэж тооцоолж байна. Энэхүү дэмжлэг нь тус холбооноос 2025 оны сүүлээр баталсан 2026-2027 оны 90 тэрбум еврогийн зээлийн хөтөлбөр дээр нэмэгдэж байгаа юм.
Шинэ багцын 25 тэрбум еврог цэрэг, батлан хамгаалах салбарт хуваарилах бөгөөд зэвсэг худалдан авах, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх болон агаарын довтолгооноос хамгаалах арга хэмжээнд зарцуулна. Европын Холбооны Батлан хамгаалах асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс ОХУ 2027 онд 20 сая орчим дрон байлдаанд ашиглах магадлалтайг сануулж, дроны дайны зардал эрс өсөж буйг онцолсон байна. Харин үлдсэн 20 тэрбум еврог эмнэлэг, сургууль, нийгмийн суурь дэд бүтцийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглүүлж, гишүүнээр элсэх шалгуурт тусгагдсан авлигатай тэмцэх, хуулийн засаглалыг бэхжүүлэх шинэчлэлтэй уялдуулан олгохоор төлөвлөжээ.
Санхүүжилтийг бүрдүүлэхдээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд босгож, Европын Холбооны төсвийн боломжийг баталгаа болгон ашиглахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эргэн төлөлтийн хувьд уг санхүүжилтийг хязгаарлагдмал хариуцлагатай зээл хэлбэрээр бүтэцчилсэн бөгөөд ОХУ дайны хохирлын нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа л Украин зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.