🔴Сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алджээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буй хурдан морины уралдаан болон уралдаанч хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хуулийн төслийн асуудлаар талуудын мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч нөгөө тал хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн цуцлагдсан талаар мэдээллээ.
Мэтгэлцээний зохион байгуулалтын талаар гишүүн хэлэхдээ, "Нотлогч болон няцаагч талууд тус бүр таван минутад шийдлээ танилцуулж, дундаасаа хөндлөнгийн хөтлөгч сонгохоор төлөвлөсөн байсан. Өчигдөр орой УИХ-ын гишүүн П.Отгонбаяр руу холбогдон хөндлөнгийн хөтлөгчийн хувиар санал болгох хүн байгаа эсэхийг лавласан ч хариу ирээгүй. Манай ажлын албаны зүгээс хоёр хөтлөгчийг санал болгож, цагийг тэгш баримтлан, адил тэгш асуулт асуух замаар мэтгэлцээнийг өрнүүлэхээр зорьсон юм. Харамсалтай нь, няцаагч талаас хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн өнөөдөр болох боломжгүй боллоо. Гэхдээ мэтгэлцээний талбар цаашид ямагт нээлттэй байх болно. Энэ удаагийн уулзалтыг тасалдуулсан тул дараагийн мэтгэлцээний зохион байгуулалтыг тэдний зүгээс хийх нь зүйтэй болов уу" гэдгийг тодотгов.
Мөн цаг хугацааны хүчин зүйлийн талаар дурдахдаа, "Хамгийн харамсалтай нь маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Цаг бага байгаа тул хэлэлцүүлэг, санал хураалтаас өмнө иргэд, олон нийт болон УИХ-ын бусад гишүүд тал бүрийн байр суурийг тэгш хугацаатайгаар сонсож, оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Чуулганаар хэлэлцэхээс өмнө дахин мэтгэлцээн зохион байгуулах цаг гарах эсэх нь эргэлзээтэй байна" гэлээ.
Хүүхдийн асуудлаар бусад цаг үед дуугардаггүй гэх шүүмжлэлийн талаар тэрбээр дараах гурван үндсэн тайлбарыг өгөв:
Нэгдүгээрт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан батлуулсан. Гэр бүлийн маргаан шийдвэрлэх процесс, хүүхэд хохирогч эсвэл холбогдогч болсон аль ч тохиолдолд шүүхийн ажиллагаа хүүхдэд ээлтэй байх ёстой бөгөөд тус дагнасан шүүх 11 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэхээр бэлтгэл хангагдаж байгааг онцоллоо.
Хоёрдугаарт, мөрдөн байцаах болон шүүхийн шатанд шалгагдаж буй тодорхой хэрэг маргаанд улс төрчид байр суурь илэрхийлэх нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориглосон улс төрийн нөлөөлөл болдог. Харин хууль тогтоогчид уг асуудлыг дахин гаргахгүй байх тогтолцооны шинэчлэлийг хууль эрх зүйн хүрээнд хийх үүрэгтэй гэдгийг сануулав.
Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүүхдүүдийн хохирол барагдуулалт, хариуцлагын уялдаа холбоог шалгах хүний эрхийн хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ирэх 3 дугаар сарын 30-ны өдөр сонсгол зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдээллээ.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын дэгээс зөрсөн асуудал үүссэн бол хувь гишүүний хувьд бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд, цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалан иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын байр суурийг олон нийтэд нэг дороос хүргэхээр урьсан болохыг тайлбарлалаа.
Түүнчлэн хүүхдүүд Өвөр Монгол руу явж уралдаанд оролцон эрсдэлд орж буй кэйсийн талаар сэтгүүлчийн тавьсан асуултад "Өчигдөр П.Отгонбаяр гишүүн Өвөр Монголд нэг хүүхэд амь насаа алдсан тухай ярьсан. Тэгвэл тухайн хэргийн мөрөөр хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ, хил гаалийн байгууллага яагаад арга хэмжээ аваагүй вэ, төр яагаад хяналтаа тавьж чадахгүй байгаа вэ гэдгийг ярих ёстой. Төр хяналт тавьж чадахгүй байгаа учраас зөвшөөрчихье гэсэн үндэслэлээр хууль баталж болохгүй. Эцэг эх хүүхдэд хортой зүйлийг хориглож, хянадаг шиг хараа хяналт сул байгаа орчинд төр хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй" хэмээн хариулав.
Үүний дараа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Төлөөлөгч хэлэхдээ, "2017 онд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус таван байгууллага захиргааны хэргийн шүүхэд хандаж, Засгийн газраас хаврын морин уралдаан зохион байгуулах тогтоол гаргасан нь хууль бус болохыг нийтийн эрх ашгийн өмгөөллөөр нотолж, шүүхэд ялсан. Улмаар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Засгийн газартай эвлэрлийн гэрээ байгуулж, өвөл, хаврын уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх үүргийг хүлээлгэсэн" гэдгийг онцоллоо.
Мөн "УИХ-ын гишүүн П.Отгонбаяр нарын санаачилсан хуулийн төсөлд Засгийн газар уг эвлэрлийн дагуу, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж дэмжихгүй гэсэн албан ёсны байр сууриа бичгээр ирүүлсэнд талархалтай байна. Харин олон улсын конвенц, Үндсэн хууль, төр, иргэний нийгмийн хооронд хийсэн зөвшилцлийг эвдэж буй УИХ-ын 20 гишүүний үйлдэлд харамсаж байна. Монгол төр хэлсэн амандаа хүрч, Үндсэн хуулиа хүндэтгэн уг хуулийн төслийг татан авахыг уриалж байна" гэв.
Түүнчлэн байнгын хорооны хурлаар хүүхдийн эрхийн зөрчил гараагүй мэтээр ярьж байгааг шүүмжлээд 🔴Сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алджээ гэх тоон мэдээлэл болон 2020 оноос хойших бодит эрсдэл, зөрчлийн баримтуудыг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.