11.6 сая ам.долларын крипто хулгайлсан хакер зургаан жилийн хорих ял сонсов
АНУ-ын Калифорни мужийн Санта Ана хотын тойргийн шүүгч Жон В.Холкомб олон улсын кибер гэмт хэргийн сүлжээг зохион байгуулж, 11.6 сая гаруй ам.долларын криптовалют хулгайлсан Шотландын хакер Тайлер Роберт Бьюкенанд зургаан жилийн хорих ял оноов.
Шотландын Данди хотоос гаралтай, өдгөө 24 настай Тайлер Роберт Бьюкенан нь "Scattered Spider" хэмээх хакерын бүлгийн гол гишүүн бөгөөд мөрдлөгийн явцад түүнийг "0ktapus", "Lapsus$" зэрэг бүлэглэлүүдтэй ч холбоотой болохыг тогтоосон байна. Тэрээр 2021 онд 19 настай байхдаа эцэг эхийнхээ гэрээс гэмт хэргийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд цахим залилан хийх хуйвалдаан зохион байгуулсан болон хүний хувийн мэдээллийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрчээ. Сэжигтнийг Испанийн Пальма нисэх онгоцны буудалд 2024 онд саатуулж, улмаар АНУ-д шилжүүлэн өгснөөр холбооны цагдан хорих ангид хоригдож байсан юм.
Гэмт этгээдүүд 2021 оны есдүгээр сараас 2023 оны дөрөвдүгээр сарын хооронд томоохон технологи, харилцаа холбоо, энтертайнмент болон криптотой холбоотой компаниудын ажилтнууд руу чиглэсэн цахим халдлага үйлджээ. Тэд байгууллагын мэдээллийн технологийн хэлтсийн нэрийг барьж, хуурамч сэрэмжлүүлэг бүхий мессеж илгээн ажилтнуудын нэвтрэх эрх, нууц үгийг хулгайлдаг байсан байна. Үүний дараа үүрэн телефоны операторуудыг хууран мэхлэх замаар хохирогчдын утасны дугаарыг өөрсдийн SIM карт руу шилжүүлэн авч, хоёр шатлалт баталгаажуулалтын системийг нь тойрон гарчээ.
Ийм аргаар хакерууд дижитал хэтэвч рүү нэвтрэн нийт 11.6 сая гаруй ам.долларын виртуал валют завшиж, зөвхөн нэг хохирогчоос л гэхэд 1.67 сая ам.доллар хулгайлсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Бьюкенан нь уг хэрэгт холбогдсон таван хүнээс хамгийн сүүлд ял сонссон этгээд болж байна.
Өмнө нь тус хэрэгт хамтран оролцсон АНУ-ын дөрвөн иргэнд шүүхээс ял оноосон бөгөөд Флоридагийн Ноа Майкл Урбан 10 жил, Техас мужийн Ахмед Хоссам Элдин Элбадави болон Эванс Оньеака Осиебо нар тус бүр 45 сар, Хойд Каролинагийн Жоэл Мартин Эванс хоёр жилийн хорих ял авсан юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Шотландын цагдаагийн алба, Их Британи, Испани, Канадын хууль сахиулагчдын хамтарсан олон жилийн мөрдлөгийн үр дүнд энэхүү олон улсын кибер сүлжээг бүрэн илрүүлж чадсан бөгөөд шүүгч Холкомб хохирлыг нөхөн төлүүлэх шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 11-ний өдөр товложээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.