Винсент ван Гогийн зураг 190.4 сая ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоолоо
Алдарт зураач Винсент ван Гогийн амьдралынхаа сүүлийн саруудад туурвисан "Цэцэглэж буй туулайн бөөр мод" нэртэй уран зураг Нью-Йорк хотын "Sotheby's" дуудлага худалдаагаар 190.4 сая ам.доллароор зарагдаж, түүхэн дээд амжилт тогтоолоо.
Лхагва гаргийн үдэш зохион байгуулагдсан үйл ажиллагааны үеэр ердөө гурван минутын дотор ширүүн өрсөлдөөн өрнөж, уг бүтээл энэ улирлын хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээлээр тодорсон байна.
Винсент ван Гог уг бүтээлээ 1890 оны тавдугаар сард Францын Овер-сюр-Уаз хотод сэтгэцийн эмнэлгээс гарсны дараахан зурсан бөгөөд уран бүтээлчийн сүүлд зурсан ховор өвийн нэгд тооцогддог юм. Энэхүү амжилт нь 2022 оны арваннэгдүгээр сард "Christie's" дуудлага худалдаагаар 117.2 сая ам.доллароор эзэндээ очиж байсан "Нарстай цэцэрлэг" зургийн тогтоосон дээд үнийг хол даван гарчээ.
Уг зургийг Аргентины бизнесмэн агсан Карлос Педро Блакье болон урлагийг дэмжигч түүний гэргий Нелли Арриета де Блакье нарын гэр бүл 1975 онд худалдан авч, хувийн цуглуулгадаа хадгалж иржээ. Блакье-Арриетагийн гэр бүл уг зургийг музейд дэлгэн үзүүлэхээс татгалздаг байсан тул бараг хагас зуун жилийн турш олон нийтийн хүртээл болоогүй байсан юм.
Дуудлага худалдаа болохоос өмнөхөн Германы еврей гаралтай нэрт хэвлэн нийтлэгч Самуэль Фишерийн өв залгамжлагчид уг бүтээлтэй холбоотой маргаан үүсгэснээр борлуулалт хойшлогдох эрсдэл үүсээд байв. Фишерийн гэр бүлийн өмгөөлөгч Гуннар Шнабел 1936 онд уг бүтээлийг нацистуудын хавчлага, санхүүгийн дарамтын улмаас албадан худалдсан хэмээн мэдэгдэж байв. Гэвч талууд яаралтай хэлэлцээ хийсний үр дүнд мягмар гаргийн орой нууцлалын гэрээ байгуулж зөвшилцөлд хүрснээр түүхэн дуудлага худалдааг саадгүй явуулах боломж бүрджээ.
Урлагийн түүхэн дэх ярвигтай маргааныг эвийн журмаар шийдвэрлэсний дараа зохион байгуулагдсан энэхүү худалдаа нь дэлхийн сонгодог урлагийн үнэ цэн улам бүр өсөж байгааг баталлаа. Бүтээл шинэ эзний гарт шилжсэнээр ван Гогийн өв соёлын үнэлэмж дэлхийн тавцанд улам батажсан үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.