Нөмрөгийн ДЦГ-ын зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөлийг сайжруулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын талтай ээлжит цахим уулзалт хийлээ. Уулзалтад Япон Улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгийн төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд ажлын хэсгээс Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоогоор цагдаа, шүүхийн байгууллагын хяналт, шалгалтын шатанд байгаа талаар мэдээлэв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломж хязгаарлагдмал байгааг онцоллоо.

Шинжээчдийн баг түймрийн нөлөөлөл, хохирлыг ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан судалгаа хийсэн талаар танилцуулав. Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг талууд дурдлаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг байгаль орчны хохирлыг тогтоохоос гадна экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн сэргэн ургалтыг дэмжих бодит арга хэмжээг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Ялангуяа түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын идэш тэжээл, бэлчээрийн нөхцөлийг сэргээх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд яамны зүгээс онцгой анхаарч байгааг онцлов.
Эхний ээлжид түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын популяци, тархац нутаг, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд гарсан өөрчлөлтийг тодорхойлох мониторинг, судалгааг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатай. Иймээс БОУАӨЯ-ны зүгээс судалгааны үр дүнд үндэслэн амьтдын амьдрах орчныг сэргээх, өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах, экосистемийн богино, дунд урт хугацааны нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөх ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.