🔴Б.Пүрэвдагва: Агаарын чанар дахь тоосжилт, хүхэрлэг хийн хэмжээ бодитоор багассан үзүүлэлт гарсан
Нийслэлийн гэр хорооллын бүсийг цахилгаанаар хангах, түгээх дэд бүтцийн системд шилжүүлэх ажлууд бодитоор эхлээд байна. Энэ хүрээнд шинэ төрлийн дулаан хураагуурыг нэвтрүүлж байгаа бөгөөд үүнийг өмнөх "Өлзий", "Сайн" зуух шиг үнэ төлбөргүй тараахгүй гэдгийг хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
Хотын дарга Б.Пүрэвдагва:
-Бид үнэгүй зуух тараахгүй. Айлууд тодорхой үнийн дүнгээр зуухаа шинэчлэн өөрчлөх боломжийг бүрдүүлж, зах зээлийн зарчимд нийцүүлэн арилжааны банкуудтай хамтарсан зээлийн бүтээгдэхүүн, хөнгөлөлтийн механизмуудыг бий болгоно. Үүнд төсвийн сахилга батыг чанд сахиж, ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж байна.
Төсвийн зарчмын тухайд дараах таван үе шаттай логикийн дагуу ажиллаж буйг тодотголоо:
- 1 дүгээрт: Сайн төлөвлөлт
- 2 дугаарт: Нарийн төсөвлөлт
- 3 дугаарт: Чанартай гүйцэтгэл
- 4 дүгээрт: Бодит хяналт
- 5 дугаарт: Бодит үр дүн
Мөн олон улсын зах зээлд гаргасан бондын төлбөрийн хугацааг 3-5 жилээр сунгах тухай асуудал яригдаж байгаа. Үүний гол зорилго нь "Сэлбэ" дэд төв, ухаалаг хотын бүтээн байгуулалтыг богино хугацаанд ашиглалтад оруулахад чиглэж байгаа. Нийслэлд цаг хугацаа алдах эрх байхгүй бөгөөд барилга, байгууламжуудаа хурдан барьж дуусган, борлуулж, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.
Энэ жил бид угааж баяжуулсан нүүрсээр сайжруулсан шахмал түлшээ үйлдвэрлэж байна. Судалгаагаар агаарын чанар дахь тоосжилт, хүхэрлэг хийн хэмжээ бодитоор багассан үзүүлэлт гарсан. Хяналт шалгалтыг маш сайн тавьж, иргэддээ урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг тогтмол хүргэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Хэн ч хүний эрдэнэт амь нас хохирохыг хүсэхгүй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс үүнд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Иргэдээс "Тэнд ч зам тавьчихмаар байна, энд ч сайхан зам хэрэгтэй байна' гэсэн хүсэлт их ирдэг. Надад ч тийм хүсэл бий. Гэвч нэг томоохон зам барихын цаана доод тал нь нэг жилийн бэлтгэл ажил шаардагддаг. Бид эдийн засгийн болон тооцооллын эрсдэлгүй явах ёстой. Манайхан нэг сайхан санаа гаргангуутаа хагас дутуу ТЭЗҮ-тэйгээр шууд сонгон шалгаруулалт зарлачихдаг. Үүнээс болж төсөл гацаж, цаг хугацаа алддаг гашуун туршлага бий. Тиймээс нийслэлээс зураг төсөл болон Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) нь бүрэн бэлэн болсон төслүүдийг цаг алдалгүй санхүүжүүлж, төсвийг нь батлаад урагшлуулах хатуу байр суурьтай байна.
Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн асуудлаар шийдвэр гарсан даруйд олон нийтэд мэдээлэл өгнө. Одоогоор хэлэлцээрийн шатанд явж байна. Гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гүйцэтгэгч компани болон хоёр улсын хоорондын асуудал хөндөгдөж байгаа тул гэм буруутай нөхцөл байдлыг нарийн ялгаж, маш болгоомжтой хандах ёстой. Эцсийн зорилго нь тухайн замыг хууль журмын дагуу, стандартын дагуу чанартай барьж дуусгах явдал.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.