Энэ удаад Х.Баттулгыг шоронд хийж, шонд дүүжилчих юм биш биз!
Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийлээ.
Хотын дарга асан Х.Нямбаатарын шууд дамжуулалтад дурдагдсан бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой гэдэг байр сууриа илэрхийллээ. Өчигдөр цочир зүйл сонссон хүмүүс өнөөдөр “Ерөнхий сайд сайд мэдэгдэл хийнэ” гэх сургаар чих тавьж байсан боловч “нээх онц юм” ярьсангүй. Харин, энэхүү мэдэгдлийн дундуур “Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая доллараар зарсан асуудалдаа ажлаа өгч шалгуулах хэрэгтэй” гэсэн нь чих сортолзууллаа.
Мэдэгдэл хийснийхээ дараа Ерөнхий сайд хууль, хүчний байгууллагын удирдлагуудад хугацаатай үүрэг өгөх юм гэсэн. Энэ үеэрээ ерөнхийлөгч асны тэрхүү том наймааг шалгахын үүрэг болгосон байх өндөр магадлалтай байна.
Ерөнхий сайдын дараа хэвлэлийн хурал хийсэн Шадар сайд Н.Номтойбаяр ч мөн адил утгатай зүйл ярилаа. Тэрбээр “”Бодь”-ийн гэрээ байгуулагдах үед Ерөнхийлөгч байсан, ҮХБЗ-ийн дарга байсан Х.Баттулга албаа өгөөд шалгуулах ёстой” гэв.
Х.Баттулгын ирээдүйн хувь тавилангийн асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр яригдсан бололтой. Ярьсан болоод л Засгийн газрын гишүүд ээлж дараалан гарч ирж яриад байгаа юмсанж.
Гэхдээ Н.Учрал энэ талаар анх удаа ч ярьж байгаа юм биш.
УИХ-ын гишүүнээр анхлан сонгогдсоны дараа буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Учрал Төгрөг нуурын ордын асуудлыг анх зоригтойгоор дэлгэн тавьсан байдаг. Гэвчиг энэ нь газар аваагүй. Сонгуулийн кампанит ажлын үед нэр дэвшигчдийг тойрсон нэг “хов жив” төдий болоод дууссан.
Дараа нь буюу 2025 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, үр өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлын хэсгийн ахлагчийн хувиар энэ асуудлыг дахин хөндсөн байдаг. Харин нөгөө “гүлдгэр бөх” нь тавлаж инээдгээрээ инээгээд “Тийм юм байхгүй. Нотолбол 100 хувь аваарай” гэж ам тагласан байдаг.
Н.Учрал одоо жирийн нэг гишүүн, ЗГХЭГ-ын дарга биш, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна. Иймд гурав дахь удаагаа Төгрөг нуурын асуудлыг “зүтгүүлэхээр” шийдсэн бололтой. Дээрээс нь “Бодь”-ийн гэрээ ч нэмэгдэх бололтой. Х.Баттулга ч олон удаа уснаас хуурай гарсан хүн дээ. Харин энэ удаад үнэхээр шоронд хийж, шонд дүүжилчих юм биш биз!
Х.Баттулгыг “17-ын тоонд дуртай” гэж намтар номонд нь бичсэн буй. Харин идсэн гэх мөнгө нь дандаа 250-тай байдаг нь тохиолдол уу? Төмөр замын 250 сая ам.доллараар шороо овоолсон, стратегийн орд болох Төгрөг нуурын ордыг 250 сая доллараар зарсан...
Уг нь, “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөө ажиллаж буй Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, Стратегийн ач холбогдол бүхий Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг Уотерворкс Холдингс лимитед” компанид 2009 онд худалдсан” гэдэг 705 хуудас баримтыг Н.Учрал АТГ-т өгөөд бараг арван жил болж байдаг...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.